Билл Клинтоны гэр бүл Ж.Эпштейний "бэлгийн хүчирхийлэл"-тэй холбоотой хэрэгт Конгресст мэдүүлэг өгөхөөр тохиролцжээ

Билл Клинтоны гэр бүл Ж.Эпштейний "бэлгийн хүчирхийлэл"-тэй холбоотой хэрэгт Конгресст мэдүүлэг өгөхөөр тохиролцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, түүний эхнэр, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоннар бэлгийн хүчирхийлэгч асан Жеффри Эпштейнтэй холбоотой Конгрессын мөрдөн байцаалтад гэрчийн мэдүүлэг өгөхөөр тохиролцжээ. 

Энэхүү тохиролцоо нь хэдэн сарын турш үргэлжилсэн маргааны дараа, Билл Клинтоны гэр бүлийг Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороог үл хүндэтгэсэн гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө хийгдсэн байна. Билл Клинтон 2019 онд шоронд нас барсан Жеффри Эпштейнтэй танил байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч түүний бэлгийн хүчирхийллийн талаар мэдээгүй, мөн 20 жилийн өмнө харилцаагаа бүрэн тасалсан гэж мэдэгддэг байна.

Мэдүүлэг өгөх ажиллагаа хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч 1983 онд Ерөнхийлөгч асан Жералд Форд Конгрессын хороонд мэдүүлэг өгснөөс хойш АНУ-ын Ерөнхийлөгч асан анх удаа ийм алхам хийж байгаа нь энэ ажээ.

АНУ-ын Бүгд Найрамдах намын удирдлагатай Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо өнгөрсөн сарын сүүлээр Ардчилсан намын зарим гишүүдийн дэмжлэгтэйгээр Билл Клинтоны гэр бүлийг “Конгрессыг үл хүндэтгэсэн” гэж үзэх арга хэмжээг баталсан юм. Тэгвэл өчигдөр /2026.02.02/ орой Билл Клинтоны Тамгын газрын орлогч дарга Анжел Уренья X нийгмийн сүлжээнд нийтлэл оруулж, Клинтоны гэр бүл хорооны өмнө ирж мэдүүлэг өгөхийг баталгаажуулсан байна.

“Тэд сайн санааны үүднээс хэлэлцээр хийсэн. Харин хяналтын хороо үүнийг үл тоосон” хэмээн А.Уренья бичжээ. Тэрбээр мөн “Гэсэн ч Ерөнхийлөгч асан, Төрийн нарийн бичгийн дарга асан хорооны өмнө очиж, мэддэг бүхнээ тангараг өргөн мэдүүлнэ. Тэд энэ үйл явдлыг нийтэд хамаарах жишиг тогтооно гэж харж байна” гэжээ.

Билл Клинтоны гэр бүл өмнө нь хяналтын хороонд тангараг өргөсөн бичгээр мэдүүлэг өгч, Ж.Эпштейний талаар “хязгаарлагдмал мэдээлэл” өгсөн гэж мэдэгдэж байсан юм. Тэд зарлан дуудах хуудсыг Ерөнхийлөгч Д.Трампын заавраар улс төрийн өрсөлдөгчдөө ичээх зорилготой улс төрийн заль мэх хэмээн тодорхойлж ирсэн ажээ.

Билл Клинтоныг Ж.Эпштейний бэлгийн хүчирхийллийн хохирогчид хэзээ ч буруутгаж байгаагүй бөгөөд тэрбээр өөрөө ч Ж.Эпштейний гэмт хэргийн талаар мэдэж байсан гэдгээ үгүйсгэдэг байна. Гэсэн хэдий ч Ж.Эпштейний хувийн онгоцны нислэгийн бүртгэлд Билл Клинтон 2002, 2003 онд дөрвөн удаа олон улсын нислэг хийсэн нь тэмдэглэгдсэн байдаг ажээ.

Мөн АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон материалд Жеффри Эпштейний эдлэн газарт авхуулсан Билл Клинтоны хэд хэдэн зураг багтсан аж. Нэг зурагт түүнийг усан санд сэлж буйгаар, нөгөө зурагт халуун усны газар мэт харагдах орчинд гараа толгойныхоо ард тавин хэвтэж буйгаар дүрсэлжээ. 

Эдгээр зургуудыг нийтлэх үед Билл Клинтоны хэвлэлийн төлөөлөгч энэ нь олон арван жилийн өмнөх бөгөөд Ж.Эпштейний гэмт хэрэг ил болохоос өмнө Б.Клинтон түүнтэй холбоогоо бүрэн тасалсан хэмээн тайлбарлаж байсан байна.

Билл Клинтоны гэр бүл өнгөрсөн сард Төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны дарга Жеймс Комерт захидал илгээж, Жеффри Эпштейний хэрэгт явуулж буй мөрдөн шалгах ажиллагааг хурцаар шүүмжилж байжээ. Уг захидалд “Таны гаргасан шийдвэрүүд болон тогтоосон тэргүүлэх чиглэлүүд нь засгийн газрын үүрэгтэй холбоотой бодит баримтыг тогтоох явцад саад болж байна” гэж дурдсан байна. Мөн тэд “Таны удирдаж буй ажиллагааг намын улс төрөөс өөрөөр тайлбарлах боломжгүй” гэж онцолжээ.

Харин Ж.Комер өмнө нь Б.Клинтоны гэр бүлд зарлан дуудах хуудсыг хоёр намын дэмжлэгтэйгээр баталсан бөгөөд “хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй” хэмээн мэдэгдэж байсан байна. Тэрээр “Бид Билл Клинтоны хуульчидтай хэдэн сарын турш харилцаж, тэдэнд боломж олгосон ч мэдүүлэг өгөх хугацааг байнга хойшлуулж ирсэн” гэжжээ.

Эх сурвалж: BBC