Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч П.Тавинбэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Тус шүүхэд яллагдагч П.Тавинбэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба прокурорын саналын үндэслэл болсон яллагдагчийг цагдан хорих дээрх үндэслэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч П.Тавинбэх, П.Товуудорж нарт нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуй нэгж, Монгол Улсаас нэг аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, Зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан аж. Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж, Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг АТГ-аас мэдээлээд байгаа.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон бөгөөд зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан байдаг аж.