АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2026.01.12/ Ирантай худалдааны харилцаатай орнуудын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн тариф ногдуулахаа зарласан байна. Энэхүү шийдвэр нь Иранд засгийн газрын эсрэг жагсаал гурав дахь долоо хоногоо үргэлжилж буйтай давхцан, Тегеранд үзүүлэх дарамтыг улам нэмэгдүүлж болзошгүй байна.
Д.Трамп олон нийтийн сүлжээнд “Ирантай бизнес эрхлэх” гэдэгт яг юуг хамруулах талаар тодорхой тайлбар өгөөгүй ч уг тариф “шууд хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж мэдэгджээ. Одоогоор Хятад улс Ираны хамгийн том худалдааны түнш бөгөөд түүний дараа Ирак, Арабын Нэгдсэн Эмират, Турк, Энэтхэг улсууд жагсаж байгаа аж.
Тодруулбал, Д.Трамп өөрийн "Truth Social" сүлжээндээ “Иран Исламын Бүгд Найрамдах Улстай бизнес эрхэлдэг аливаа улс АНУ-тай хийж буй бүх худалдаандаа 25 хувийн тариф төлөх болно” хэмээн бичжээ. Тэрээр мөн “Энэхүү шийдвэр эцсийн бөгөөд хатуу хэрэгжинэ” гэж нэмж онцолсон байна.
Шинэ тарифын мэдэгдэл нь Д.Трамп Тегеран дахь жагсаал цуглааны үеэр иргэд амь үрэгдвэл АНУ цэргийн хариу арга хэмжээ авна гэж анхааруулсны дараахан гарчээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт өчигдөр Иранд үзүүлэх агаарын цохилт зэрэг цэргийн бүх хувилбар “Д.Трампын ширээн дээр хэвээр” байгааг онцолсон байна.
Эх сурвалж: BBC