Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан.
Тэгвэл Хуульч, Өмгөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар нар НИТХ-аас гаргасан уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025.10.16 өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хуулийн хүрээнд тэдний нэхэмжлэлийн дагуу уг асуудлыг шүүхээс хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх долоо хоногийн хугацаатай байдаг. Харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлээс зарим зүйлсийг тодруулах шаардлагатай гэж хугацаа тогтоосон байна. Хуульд зааснаар нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангахгүй бол шүүхээс 14 хүртэлх хугацаанд бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг 2026.01.06-ны өдөрт багтаан шийдэх учиртай байсан юм. Тэгвэл тэдний нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан талаар хуульчид мэдээллээ. Ингэснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хуульд нийцсэн эсэх, нийтийн ашиг сонирхол зөрчсөн эсэхийг хэлэлцэх шүүхийн процесс цаашид үргэлжлэх юм.