Д.Трамп: Украины хэлэлцээрт ахиц гарсан ч “нарийн төвөгтэй асуудлууд” хэвээр байна

Д.Трамп: Украины хэлэлцээрт ахиц гарсан ч “нарийн төвөгтэй асуудлууд” хэвээр байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар Флорида мужийн Мар-а-Лаго дахь уулзалтын үеэр Украины дайныг зогсоох хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарсныг өнөөдөр /2025.12.29/ мэдэгдсэн байна. Д.Трамп, В.Зеленский нар уулзалтыг “гайхалтай” гэж тодорхойлсон ч газар нутгийн асуудал зэрэг “нэгээс, хоёр маш нарийн төвөгтэй асуудал” шийдэгдээгүй хэвээр байгааг Д.Трамп онцолсон байна.

В.Зеленский сэтгүүлчдэд хандан, 20 зүйл бүхий энхийн төлөвлөгөөний 90 хувьд нь тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн бол Д.Трамп Украины аюулгүй байдлын баталгааны асуудал “бараг 95 хувь” шийдэгдсэн гэж хэлжээ. В.Зеленский дараа нь Telegram хуудсаараа дамжуулан АНУ болон Украины төлөөлөл ирэх долоо хоногт уулзаж, Оросын Украинд эхлүүлсэн бараг дөрвөн жил үргэлжилж буй дайныг зогсоох хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсоныг мэдээлжээ.

Тэрээр, “бид бүх асуудлаар бодитой, нухацтай яриа өрнүүлсэн. Сүүлийн хэдэн долоо хоногт Украин, Америкийн багуудын гаргасан ахиц дэвшлийг бид өндрөөр үнэлж байна” гэж бичжээ.

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсэн бөгөөд одоогоор Украины нутаг дэвсгэрийн ойролцоогоор 20 хувийг хяналтдаа байлгаж байгаа юм. Иймд Украины зүүн хэсэгт орших, Донецк болон Луганск мужуудыг хамарсан Донбассын бүсийг цэрэггүй бүс болгох санал мөн л “шийдэгдээгүй” хэвээр байгааг Д.Трамп дурдсан байна.

Тэрээр, “Энэ нутгийн зарим хэсгийг булаан авсан. Цаашид ч зарим газар нутгийг булаан авах магадлал ойрын саруудад байж магадгүй” гэж уулзалтын дараа хэлсэн байна. 

Одоогоор ОХУ-ын тал Донецк мужийн ойролцоогоор 75 хувь, Луганск мужийн бараг 99 хувийг хянаж байгаа аж. Оросын тал Донбассын эдгээр хяналтдаа байгаа газар, нутгаас Украйныг татгалзахыг шаардаж байгаа бол Украины тал тухайн бүсийг Украины хяналтад үлдэх чөлөөт эдийн засгийн бүс болгох боломжтой гэж үзэж байгаа юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины алдагдсан нутаг дэвсгэрийг буцаан авах асуудлаарх байр сууриа хэд хэдэн удаа өөрчилсөн. Өнгөрсөн есдүгээр сард Украин газар нутгаа эргүүлэн авах боломжтой гэж мэдэгдэж ажиглагчдыг гайхшруулсан ч хожим нь уг байр сууриа зөөлрүүлсэн юм. Тэрээр, “Энэ бол маш хүнд асуудал. Гэхдээ шийдэгдэнэ” гэж хэлсэн юм. 

Украины аюулгүй байдлын баталгаа “95 хувь хийгдсэн” хэмээн Д.Трамп мэдэгдсэн ч ирээдүйд халдлагаас хамгаалахад чиглэсэн цэрэг байрлуулах эсвэл тодорхой албан ёсны амлалт өгөөгүй хэвээр байна. Мөн тэрээр АНУ, Орос, Украины оролцоотой гурван талт хэлэлцээ хийх боломжийг үгүйсгээгүй бөгөөд “зөв цаг нь ирэхэд” энэ нь хэрэгжиж магадгүй гэжээ. Д.Трамп уг дайныг "өөрийн дуусгаж чадсан дайн"-ны жагсаалтад оруулахыг хүсэж буйгаа илэрхийлсэн ч хэрэв хэлэлцээ зогсонги байдалд орвол дайн үргэлжлэх эрсдэлтэйг анхааруулсан байна.

Өмнө нь Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьсан ч уг ярианы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Харин В.Путин “Украиныг амжилтад хүрэхийг хүсч байна” гэж хэлснийг Д.Трамп дурджээ. Мөн тэрээр Москва Украинд бүх нийтийн санал асуулга явуулах боломж олгох гал зогсооход сонирхол багатай байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Тодруулбал, “Би тэдний байр суурийг ойлгож байна” гэж Д.Трамп хэлсэн байна.

ОХУ-ын гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр, уг утасны дуудлагыг Д.Трамп санаачилж, Европын Холбоо болон Украины зүгээс дэвшүүлсэн дайныг зогсоох саналуудын талаар В.Путинтай хэлэлцсэн байна. Түүний хэлснээр хоёр тал Европ болон Украины санал болгосон түр гал зогсоох нь мөргөлдөөнийг сунжруулна гэсэн байр суурин дээр санал нэгдсэн аж.

Мөн В.Зеленский Украины төлөөлөгчид ирэх нэгдүгээр сард Европын удирдагчдын хамтаар Цагаан ордонд уулзах боломжтойг дурдсан байна. Үүний зэрэгцээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Флоридагийн уулзалтад “сайн ахиц гарсан”-ыг сайшааж, Украин “эхний өдрөөсөө эхлэн бат бөх, найдвартай аюулгүй байдлын баталгаа” авах шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: BBC