Өнөөдөр /2025.12.24/ Москвад болсон дэлбэрэлтийн улмаас гурван хүн, тэдгээрийн дотор замын цагдаагийн хоёр ажилтан амиа алдсан тухай Оросын эрх баригчид мэдээлжээ.
Оросын Мөрдөн байцаах хорооны мэдээлснээр, замын цагдаагийн алба хаагчид хотын Елецкая гудамжинд цагдаагийн автомашины ойролцоо сэжигтэй этгээд байгааг анзаарч, түүнийг шалган баривчлахаар ойртох үед тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн байна. Улмаар хоёр цагдаагийн ажилтан болон ойролцоо байсан нэг иргэн авсан шархаа даалгүй нас баржээ.
Энэхүү дэлбэрэлт нь даваа гараг /2025.12.22/-т ОХУ-ын нийслэл Москва хотод болсон, автомашинд суурилуулсан тэсрэх төхөөрөмжийн улмаас Оросын ахлах генерал амь үрэгдсэн хэрэг гарсан газрын ойролцоо болжээ.
Тухайн үед дэслэгч генерал Фанил Сарваров автомашиных нь доор байрлуулсан тэсрэх төхөөрөмж дэлбэрсний улмаас амиа алдсан юм. Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко Telegram хуудсандаа хийсэн мэдэгдэлдээ, "Москвад замын цагдаагийн албан хаагчдын амь насанд халдсан хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" гэжээ.
Эх сурвалж: BBC