АҮЭБЯ: БНХАУ-аас 26 мянган тонн АИ-95, ОХУ-аас 14 мянган тонн АИ-92 нийлүүлэгдсэн учир ойрын хугацаанд дугаарлалт багасна

АҮЭБЯ: БНХАУ-аас 26 мянган тонн АИ-95, ОХУ-аас 14 мянган тонн АИ-92 нийлүүлэгдсэн учир ойрын хугацаанд дугаарлалт багасна

АҮЭБЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "34 вагон орж ирвэл Монгол Улсын өдрийн хэрэглээ хангагдаад байна. Гэтэл сүүлийн үед 34 вагон орж ирээгүй есөн өдөр байх жишээтэй. Тиймээс нөөцөө бүрдүүлж чадахгүй орж ирсэн вагон бүрийг түгээлтэд гаргаснаар дутагдал үүссэн. Дагаад дугаарлалт буурахгүй байгаа юм. ОХУ, Засгийн газар хоорондын хэлэлцээр болж Оросын талын төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр бид өөрсдийн нөхцөл байдлыг хэлж, хүсэлтээ өгсөн. Бид нефть импортлогч компаниудтайгаа ярьж байгаад сарынхаа захиалгыг өгдөг. 8360 АИ-92 байвал нөөцөө бүрдүүлэхээс гадна хангалттай түгээх боломжтой. Өнөөдрийн байдлаар энэ хэмжээний дөнгөж 60 хүрэхгүй хувь нь Монгол Улсын хилээр орж ирсэн байна. Долоо хоногийн хугацаанд үлдсэн 40 хувь буюу 30 мянган тонн АИ-92 шатахууныг татаж авч байж Монголын энэ сарын хэрэглээ хэвийн хэмжээнд хүрнэ. Гол шалтгаан нь ОХУ, Ангарскийн үйлдвэр ачааллаа дийлэхгүй байна. Яамны зүгээс  шатахуун түгээх станциудаар явж байгаа бензинээ худалдаанд гаргаж байгаа эсэхийг шалгаж байгаа. "5-6 тоннтой ШТС-ууд хаалгаа түгжээд унтсан, бид нар ядраад байна гээд түгээгч нар хаалгаа онгойлгохгүй байх, бага хэмжээний нөөцтэй ч зарахгүй байх зэрэг нийтлэг зөрчил гарсныг газар дээр нь арилгуулсан. Мөн өнөө өглөө нэг түгээгчийн биед халдсан нь тогтоогдлоо. Савтай 15 литр бензинийг 170,000 төгрөгөөр хүргэх, ирээд авбал 6,000 төгрөгөөр зарна гэх мэтчилэн шаглах байдал гарсныг цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Манай улсад шатахуун, түлш импортоор оруулж ирэх зөвшөөрөлтэй 178, бөөний үйл ажиллагаа эрхлэх 192, жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 194 аж ахуйн нэгж байдаг. Гэвч эдгээрээс ердөө 10 орчим нь импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг" гэв. 

Харин АҮЭБЯ-ны  Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай " Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас авах нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Тухайлбал, Сүхбаатар боомтоор энэ сарын 19-ны өдөр 47, 20-нд 60, 22-нд 65, 25-нд 54 буюу нийт 265 вагон АИ-92 авто бензин тонноор үржүүлбэл 16 мянган тонн бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. 12 сард өдрийн хэрэглээг хангахгүй бүтээгдэхүүнийг оруулж ирсэн учраас доголдол үүссэн. Өнөөдөр хэрэглээнээс давсан илүү бүтээгдэхүүн нийлүүлэгдэж эхэлсэн учраас хангамж ерөнхийдөө сайжирч байна. Нэмээд БНХАУ-аас 26 мянган тонн АИ-95 шатахууныг авч байна. Одоо шилжүүлэн ачиж байна. Монгол Улсын АИ-95 шатахууны сарын хэрэглээ 3-4 мянган тонн байдаг. Ямартай ч АИ-95 шатахууныг асуудалгүй нийлүүлэх боломжтой боллоо. Мөн Ангарскийн үйлдвэрээс 14 мянган тонн АИ-92 бензинийг нааш ачуулсан. Монгол Улсын АИ-92 шатахууны өдрийн хэрэглээ 2200-2400 тонн байдаг. Тиймээс хэрэглээг давсан бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа учир дугаарлалт удахгүй арилна" гэлээ. 

ВИДЕО: