Өнгөрсөн намраас эхлэн манай улсад үргэлжилсэн шатахууны хомсдлын учир шалтгааны талаар гаднын олон мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Тухайлбал, Оросын Холбооны Улсад түлшний хомсдол үүссэний улмаас Монгол Улс импортын хэрэгцээгээ хангах өөр хувилбаруудыг хайж байгаа талаар “Central Asia” мэдээлсэн байна. Уг нийтлэлд, Монголын ард түмэн түлшний хувьд нэг улсаас хамааралтай байгаад иргэд нь дургүйцэж, шүүмжилж байгаа бөгөөд одоо тус улсын Засгийн газарт энэ байдлыг өөрчилж, олон эх үүсвэрээс түлш авахыг шахаж байна гэсэн байна.
Түүнчлэн манай улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 12-р сард Хятадаас төмөр замаар 418 цистерн АИ-92 бензин импортлох талаар мэдээлээд байгаа юм.
Хятадын бензин, ялангуяа нийтлэг АИ-92 (Евро-5) нь Оросын бензинээс ялгаатай нь өндөр чанартай, хүхрийн агууламж багатай, хэмнэлт сайтай, хүрээлэн буй орчныг баг бохирдуулдаг гэдгээрээ онцлог юм. Энэ нь Европын Холбооны Евро-5 стандартыг голчлон хангадаг тул агаар илүү цэвэрхэн болно гэсэн үг.
Мөн “Номер один” гэх ОХУ-ын хэвлэлд Монгол дахь шатахууны хомсдол албан тушаалтнуудын буруугаас үүдэлтэй гэх утгатай нийтлэл гарчээ.
Тодруулбал, Монгол Улсын Шадар сайд асан С.Амарсайханыг Засгийн газрын ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр Засгийн газрын тэргүүн ажлаас нь чөлөөлсөн. Хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсанаар, Оросын нийлүүлэлт буурсантай холбогдуулан тус улсад бензиний хомсдол үүсч болзошгүй гэсэн худал мэдээлэл тараасан гэсэн сэжигтэйгээр огцруулсан гэж “Номер один” хэвлэлд мэдээлжээ.
Өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам олон нийтийг тайван байж, түлшний хомсдолын талаарх мэдээллээс болж сандрахаас зайлсхийхийг уриалсан. Нийслэл Улаанбаатар хотод 280 гаруй шатахуун түгээх станц ажиллаж байгаа бөгөөд үүнээс 180 гаруй нь ямар ч тасалдалгүйгээр хэвийн ажиллаж байгаа гэж мэдээлээд байгаа. "Бид Орос, Хятадаас бензин импортлох хэмжээгээ нэмэгдүүлж байна. Энэ долоо хоногийн сүүл гэхэд шатахууны хомсдол хэвийн байдалдаа орно гэж найдаж байна. Одоогоор ирсэн 79 вагоноос 54 вагон Оросын АИ-92 бензинийг буулгаж байна" гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдээд байгаа юм. Ийнхүү манай улсын авто бензиний хомсдлын талаар олон улсын хэвлэлүүд улс төрийн нөхцөл байдал болоод ОХУ-аас шалтгаантай зэргээр тайлбарлаж байна.