Одоогоос жилийн өмнө буюу 2024 оны наймдугаар сар /2024.08/-д Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасинагийн эсрэг жагсаал болж, тэрбээр Энэтхэг улс руу зугтаасан байдаг. Харин өнгөрөгч арваннэгдүгээр сард түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр цаазаар авах ял оноосон бөгөөд жагсагчдын эсрэг үхлийн хүч хэрэглэхийг зөвшөөрсний улмаас 1400 хүн амиа алдсан гэж үздэг юм.
Тэгвэл Бангладешийн Ерөнхий сайд асан Шейх Хасинаг огцруулсан залуучуудын хөдөлгөөний нэр нөлөө бүхий удирдагч өчигдөр /2025.12.18/ нас барсны дараа Бангладешт эмх замбараагүй байдал, хүчирхийлэл газар авсан талаар Олон улсын хэвлэлийн мэдээлж эхлээд байна. Тодруулбал, Шейх Хасинагийн эсрэг жагсаалын гол удирдагч Шариф Осман Хади өнгөрсөн долоо хоногт Дакка хотод сүмээс гарч явах үедээ багтай этгээдийн халдлагад өртсөн бөгөөд өчигдөр Сингапурт эмчлүүлж байхдаа шархаа даалгүй нас барсан байна.
Түүний нас барсан тухай мэдээ цацагдсаны дараа дэмжигчид нь өчигдөр Бангладешийн нийслэлийн төв талбайд цугларч, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Үүний дараа жагсагчид Бангладешийн нэр хүндтэй The Daily Star, Prothom Alo сонинуудын оффис руу дайрч, нэг барилгыг галдан шатаажээ.

Иймд цэргүүд хэргийн газарт байрлаж, гал сөнөөгчид барилга дотор гацсан сэтгүүлчдийг аварсан байна. Тэмцэгч 32 настай Хади нь оюутны эсэргүүцлийн хөдөлгөөний гол удирдагчдын нэг байсан бөгөөд хөрш Энэтхэг улсыг ил тод шүүмжилдгээрээ танигдсан нэгэн байжээ. Бангладешийн улс төрийн намууд Хадигийн үхэлд гашуудал илэрхийлж, түр засгийн газраас буруутай этгээдүүдийг яаралтай хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхийг шаардаж эхэлсэн байна.
Бангладешийн түр засгийн газрыг тэргүүлж буй Нобелийн шагналт Мухаммед Юнус тэмцэгч Хадигийн үхлийг “үндэстний хувьд нөхөж баршгүй гарз” хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр, “Ардчиллын төлөөх улс орны алхмыг айдас, сүрдүүлэг, цус урсгалаар зогсоох боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Бангладешийн түр засгийн газар маргааш /2025.12.20/-ийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.
Хади буудуулсны дараа уг халдлагыг урьдчилан төлөвлөсөн гэж үзэж, “хуйвалдагчдын зорилго нь анхны сонгуулийн үйл явцыг тасалдуулах явдал” хэмээн мэдэгдсэн юм. Учир нь Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасинагийг тус улсаас явсны дараагийн анхны сонгуульд удахгүй болохоор төлөвлөсөн бөгөөд Хади уг сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байжээ. Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнийг баривчилсан байна.
Эх сурвалж: BBC