СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр 31 айлын 81 хүн угаартаж, нэг иргэн харамсалтайгаар амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр 31 айлын 81 хүн угаартаж, нэг иргэн харамсалтайгаар амиа алджээ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Тэрбээр “Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон түлшийг борлуулна. Хагас коксон түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэж болох хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн юм. Хагас коксон түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр

  • Сайжруулсан шахмал түлшээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна.
  • Сайжруулсан шахмал түлшээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна.
  • Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна.
  • Гэр хороололд буюу яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон. Ингэснээр энэ өвөл Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 45-50 хувь хүртэл буурна гэж тооцоолж байна.

Хагас коксон түлш худалдаалагдаж эхлэхээр иргэд сайжруулсан түлштэй харьцуулан хэрэглэж, өөрсдөө дүгнэлт хийх боломжтой болно. Эхний хоёр вагон хагас коксон түлш өчигдөр хилээр орж ирж байна. Нийслэлд хараахан ирээгүй, гараагүй байхад нь сошиалд ташаа мэдээлэл гарсан байсан. Нийслэлийн зүгээс хагас коксон түлшний үйлдвэр барих ажлын судалгааг хийж, аравдугаар сард урьдчилсан тендер зарлана.

Аргал, мод, цаас, түүхий нүүрс, сайжруулсан нүүрс гээд юу ч түлсэн угаарын хий ялгарна. Энд их багын л ялгаа бий. Иргэд зуухныхаа бүрэн бүтэн байдлаас эхлээд аюулгүй байдлаа сайн хангах ёстой. Түүнчлэн түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээх зэргээр өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тохиолдол байна. Өчигдөр 31 айлын 81 хүн угаартсан. Угаар мэдрэгч төхөөрөмжийн дохиоллын систем ажиллаж, хариу арга хэмжээний баг шуурхай ажиллан 80 иргэнийг аварч чадсан. Нэг иргэн харамсалтайгаар нас барлаа. Энэ айл гал нь унтарч дуусаагүй байхад яндангаа авч өрхөө бүтээсэн байсан. Түүнчлэн энэ өдөр угаарын хийд өртсөн 31 айлд угаар мэдрэгч нь ажиллаад дуугарахаар нь дэвсэж эвдэлчихээд буцаад унтсан тохиолдол ч гарсан. Энэ жил бид иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд 110 гаруй мянган айлыг угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжөөр холбосон. Одоо 30 мянган айлыг угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжтэй болгох ажил ид дундаа явж байна. 45 мянга гаруй айлд мөн энэ төхөөрөмжийг суурилуулна. Ингээд нүүрс түлш байгаа 172 мянган айлыг угаар мэдрэгчтэй болгож угаарын эрсдэлийг бүрэн хянана. Угаар мэдрэгчтэй айлуудаас ирж буй мэдээлэлд үндэслэн шаардлагатай тохиолдол гармагц 5-7 минутад шуурхай арга хэмжээний баг ажиллаж буй” гэлээ.