Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газраас энэ сарын 17-ны өдөр 2 настай эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон.
Хүүхдийг эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111-р анги, аймгийн Засаг даргын тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, ХГБХХГ, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, Хилийн цэргийн 0257-р анги, Их-Уул, Тариалан, Шинэ-Идэр сумын ЗДТГ-ын мэргэжлийн анги оролцож байна. Мөн ар гэр, сайн дурын иргэд нэгдэн, нийт 66 автомашин, 17 мотоцикль, 44 морь, 7 дрон, 1 эрэлч нохой ашиглан найман бүлэгт хуваагдан эрлийн ажиллагааг явуулж байгаа юм.
Эрлийг явган самналтаар газар дээрээс, мотоцикль болон мориор уулын бэл, бартаат газарт, мөн нисдэг тэрэг, нисгэгчгүй төхөөрөмжөөр агаараас хийсэн ч хараахан үр дүнд хүрээгүй байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас түр зогсоосон ажиллагааг өнөө өглөө 07:00 цагаас дахин эхлүүлжээ. Одоогоор эрлийн ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сураггүй болсон хүүхдийн талаарх аливаа мэдээллийг 7038102 дугаарын утсаар төлбөртэй авч байна.