Бага хурлын гишүүдийн саналыг хайрцаглаж чадаагүй Л.Оюун-Эрдэнэ төсвийг бойкотлон Засгийн газарт нь буцаах хуйвалдааныг хийж эхлэв үү

Бага хурлын гишүүдийн саналыг хайрцаглаж чадаагүй Л.Оюун-Эрдэнэ төсвийг бойкотлон Засгийн газарт нь буцаах хуйвалдааныг хийж эхлэв үү

Огцорсноосоо хойш /2025.06.02/ хуралдаа суугаагүй, Монголд байгаагүй Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн даваа гаргийн намрын чуулганы нээлтэд ирэв. Тэрбээр намрын чуулганы нээлт, бүлгийн хуралдаа үзэгдсэн ч үүнээс хойш чуулганы хуралдаа оролцохгүйгээр Төрийн ордон дэхь өрөөндөө уулзалт хийж, олны нүднээс нуугдаж хэд хонолоо. 

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТӨРИЙН ОРДОН ДЭХ ӨРӨӨНДӨӨ УУЛЗАЛТ ХИЙЖ, ОЛНЫ НҮДНЭЭС НУУГДАЖ ХЭД ХОНОВ-

Тэгвэл тэрбээр яг долоо хоногийн дараа болох МАН-ын Бага хурлыг будлиантуулахын тулд 2026 оны төсвийн төсөлд бойкот хийж, Засгийн газарт нь буцаах хуйвалдааныг хийж эхэлсэн байж магадгүй байна. Учир нь МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.09.20/ хуралдана. Харин Бага хурлыг Ерөнхийлөгчийг НҮБ-ын уулзалтаас ирсний дараа буюу ирэх долоо хоногийн бямба, ням гараг /2025.09.27, 28/-т хийх төлөвлөгөөтэй байна. Уг хурлаар МАН дүрмээ шинэчлэхээс гадна, даргаа шинэчилнэ. МАН-ын даргын сунгаанд Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөх бөгөөд түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж байгаа. Харин нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэ өрсөлдүүлнэ.

Одоогоор жин дарах хүч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд дээр төвлөрсөн учир Д.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар саналаа хайрцаглаж чадахгүй, тоо нь хүрэхгүйн зовлонтой тулж, ядахдаа Бага хурлаа зарлалгүй цаг авч байна.

Саналын дийлэнхгүй болсон тэд бас нэг сөрөг арга хэрэглэхээр үзэж буй нь 2026 оны улсын төсвийг Засгийн газарт нь буцаах аж. Тэдний энэ санаа өнгөрсөн долоо хоногийн чуулганы хурлын уур амьсгалаас тодорхой харагдлаа. 

Тухайлбал,  Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын улс төрийн хүрээнд багтдаг "Босоо" С.Ганбаатар  төсвийг буцаах саналыг гаргасан ч УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтаар хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслүүдийг Засгийн газар буцаах эсэх асуудлаар санал хураах тул хойшлуулав. Мөн УИХ-ын гишүүн Ч.Номин "Өнгөрсөн оныхоос юу өөрчлөгдсөн гээд 1.4 их наядын алдагдалтай төсвийг батлахыг зөвшөөрч байгаа юм" зэргээр нэг жилийн өмнөхөөсөө тэс өөр юм ярив.

ВИДЕО: 

-ӨНГӨРСӨН ОНД АСАР ӨНДӨР ЗАРЛАГАТАЙ ТӨСӨВ БАТАЛЖ БАЙХАД ЧИМЭЭГҮЙ БАЙЖ, 18 ТЭРБУМААР ВАУЧЕР ТАРААНА ГЭЖ БАЙСАН Ч.НОМИН САЙД ЭНЭ ЖИЛИЙН ТӨСВИЙГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭН ДУУГАРАВ- 

Сануулахад, өнгөрсөн онд энэ жилийнхээс асар өндөр зарлага, алдагдалтай төсвийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар оруулж ирж байв. Тодруулбал, орлого 33.8 их наяд,  зарлага 35.8 их наяд байж зарлага 1.9 их наяд байсан. Ч.Номин сайд л гэхэд 18 тэрбумаар соёлын ваучер тараахаар ажиллаж, нийгмийн хатуу шүүмжлэлд орж байлаа. Гэтэл өнөөдөр МАН дотоод зөрчилдөөнөөсөө болж гишүүд нь автоматаар 2025 оны төсвийг эсэргүүцэх уур амьсгал руу орлоо.

ВИДЕО: 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүртэл Н.Учралаас эхлүүлээд эдийн засгийн хөгжлийн тоо баримтаа мэдэхгүй байна, дорвитой шинэчлэл хийгээгүй учраас төсвийг дэмжихгүй зэрэг санаагаа илэрхийлсэн. Энэ мэт УИХ-ын гишүүд улсын хэмжээний томоохон төслүүдийн асуудлыг бус тойргийнхоо хөрөнгө оруулалтыг салбарын сайд нараас хөндөн асууж, төсвийг эсэргүүцэв. Энэ нь ч бас учиртай бөгөөд 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын саналыг аваагүй байна.

Өөрөөр хэлбэл, тойргоос сонгогдсон гишүүдээс тойрогтоо хийх бүтээн байгуулалтын саналыг аваагүй гэсэн үг. Тиймээс гишүүд алдагдалтай төсөв хэмээн шалтаглаж, УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтыг ашиглан төсвийн төслийг Засгийн газарт буцаах бодолтой бололтой.

Үүнийг  Л.Оюун-Эрдэнэ ч овжин ашиглаж байгаад төсөв дээр бойкот хийж магадгүй байна. Энэ жилээс төсвийг 5 үе шаттай хэлэлцэнэ. Хэлэлцүүлгийг 11 сарын эхний долоо хоногт дуусгах хуультай. Хэрвээ төсвийн төслийг Засгийн газарт буцаавал гурав хоногийн дотор дахин өргөн барина. Уг нь төсөв улс төр хийх, попрох сэдэв биш бөгөөд төсвийг батлахгүй бүх ажил гацна. Энэ жилийн төсвийн нийт хөрөнгө оруулалт 8 их наяд төгрөг. Энэ бол бага мөнгө биш. Харин 21 аймаг, 360 суманд жижиг жижиг байшин, зам бариад байвал наад зах нь эрчим хүчний төслүүдээ төсвөөсөө санхүүжүүлж чадахгүй гаднын зээл тусламж хайх болно. Тиймээс УИХ-ын гишүүд тойрогтоо ажил хийсэн болж харагдаж, дахин сонгогдох гэж хичээхийн оронд улс орныхоо нийтлэг ашиг сонирхлыг хүндэтгэн асуудалд хандах ёстой юм. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө