ФОТО: Хамгийн эртний “цул толгойт” үлэг гүрвэлийг Монгол эрдэмтэд илрүүлжээ

ФОТО: Хамгийн эртний “цул толгойт” үлэг гүрвэлийг Монгол эрдэмтэд илрүүлжээ

Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгээс зохион байгуулсан хамтарсан хээрийн судалгааны дүнд нэгэн сонирхолтой олдворыг Монгол орны түрүү цэрд буюу өнөөгөөс 108-115 сая жилийн тэртээ хуримтлагдсан чулуулаг тархдаг “Хүрэн дух” олдворт газраас олсон ба судалгааны үр дүн нь өнөөдөр дэлхийн үлэг гүрвэл сонирхогчид болон палеонтологич нарын анхаарлыг татаж байна.

“Цул толгойт” хэмээн нэрлэгддэг үлэг гүрвэлийн толгойн орой буюу зулайн хэсэг нь овойж, бөмбөгөр хэлбэртэй болон хөгжсөн нь бусад үлэг гүрвэлийн бүлгүүдээс ялгардаг. “Цул толгойт” үлэг гүрвэлийн биеийн хөгжил, анатомийн бүтэц нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан бөгөөд учир нь эдгээр амьтдын чулуужсан үлдвэр маш ховроор олддог бөгөөд дэлхийн хамгийн ховор үлэг гүрвэлүүдийн нэг ажээ. 

Геологийн цаг хугацааны хувьд Zavacephale нь “цул толгойт” үлэг гүрвэлүүдийн хамгийн эртний төрөлд тооцогдож байна. Олдвор нь гавал болон биеийн хэлхээ яснаас бүрддэг ба бие нь 80см орчим урттай, 5.85кг жинтэй, өвсөн идэшт “цул толгойт” үлэг гүрвэлийн чулуужсан үлдвэр юм.

Тус олдвор нь дал, бугалга, нурууны үеүд, аарцаг, хойд мөч, нарийн шөрмөсөөр бүрхэгдсэн сүүлний үеүд, ходоодны чулуу зэргээс бүрдэж байгаа бөгөөд палеонтологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн “цул толгойт” үлэг гүрвэлүүдээс хамгийн сайн бүрдэлтэй олдворт тооцогдож байна. Энэхүү шинэ үлэг гүрвэлийг судлаачид ховор олдвор, амьдарч байсан геологийн цаг үе, хээрээс олдсон байдал зэргийг илэрхийлж Zavacephale rinpoche (Завасефале ринпочи) буюу “анхны цул толгойт” , “ховор, нандин” хэмээх утга бүхий үгсийн нийлэмжээр нэршүүлэн шинжлэх ухаанд бүртгүүлжээ. Zavacephale нь “цул толгойт” үлэг гүрвэлийн гарын хэсгүүд, ходоодны чулуу зэрэгтэй олдсон хамгийн анхны олдор гэдгээрээ онцлог юм. Тус амьтны толгой, биеийн хэсгүүдийн анатомийн шинжүүд болон чөмөгний ясанд хийсэн эдийн түвшний судалгаагаар тус бодгаль нь насанд хүрсэн болохыг илтгэж байгаа аж. Тус судалгааг Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Чинзориг ахалсан бөгөөд тус хүрээлэнгийн судлаач Б.Буянтэгш, Б.Майнбаяр, доктор Х.Цогтбаатар нар бусад судлаач нарын хамтаар гүйцэтгэсэн байна. Энэхүү судалгааны үр дүн нь дэлхийн хамгийн нэр хүндтэй Nature сэтгүүлийн 2025 оны 09-р сарын 17-ны дугаарт хэвлэгдсэн юм.