"Нүүрсний" гэх тодотголтой хэргээр 2.6 жилийн хорих ял сонсож, ял шийтгэлээ эдэлж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өнөөдөр /2025.09.16/ батлан даалтаар суллагдахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, "Нүүрсний" гэх хэргийг шүүх хурал өнгөрсөн оны нэгдүгээр сард /2024.01.31 /Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Улмаар тухайн нэр бүхий шүүгдэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдөр хэлэлцээд, Т.Аюурсайханы хорих ялыг 2.6 жил, Б.Ганхуягийн хорих ялыг 3.9 жил болгож бууруулсан юм.
Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар зарим шүүгдэгчид холбогдох хэргийг улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн хийгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилсөн, хүчингүй болгон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэсгийг зөвтгөн өөрчилж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Харин дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс Улсын Дээд шүүхэд хандсан ч тус шүүхээс хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээс татгалзсанаар Давж заалдах шатны магадлал хэвээр үлдсэн юм.
Тэгвэл Т.Аюурсайхан нь шүүхээс оноосон хорих ялын дийлэнх хугацааг эдэлж, хуулийн дагуу батлан даалтад орж, суллагдахаар болсон байна. Түүнийг өнөөдөр /2025.09.16/ хорих ангиас суллана гэх мэдээлэл байгаа юм.
Ташрамд өгүүлэхэд, хүмүүжигч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын /таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй/ хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно. Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулжээ.