Улсын шонхор Р.Омар: Төрийнхөө их баяр наадамд түрүүлэх үед Э.Бат-Магнай ах улсын цолтой бөх болоорой гэж хэлэхэд үнэхээр их баярласан

Улсын шонхор Р.Омар: Төрийнхөө их баяр наадамд түрүүлэх үед Э.Бат-Магнай ах улсын цолтой бөх болоорой гэж хэлэхэд үнэхээр их баярласан

Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлж, Улсын шонхор цол хүртсэн Р.Омартай бэлтгэлийнх нь дундуур цөөн хором ярилцлаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа Улсын их баяр наадамд зодоглосон бөгөөд өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд түрүүлж, удалгүй Хэнтий аймгийн аймагт мөн л түрүүлсэн өсөх ирээдүйтэй залуу бөх билээ.

ВИДЕО:

-Юуны түрүүнд уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Isee.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Р.Омар гэдэг. Би ЕБС-ийн Мон-Алтиус ахлах сургуулийн сурагч. Өнгөрсөн зун төрийнхөө их баяр наадамд өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлж Улсын шонхор цол хүртсэн. Миний хувьд бол Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрж өссөн. Манай ээж Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат. Харин аав Ховд аймгийн Булган сумын харьяат хүмүүс бий.

-Үндэсний бөхөөр хэдэн настайгаасаа хичээллэж эхэлсэн бэ?

-Үндэсний бөхөөр таван настайгаасаа сонирхож, барилдаж эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл тасралтгүй 11 жил хичээллэж байна.

2019 онд "Хуйрнан шуугигч" хүүхдийн барилдаанд зодоглож байсан бичлэгийг харсан. Багаасаа л тэмцээнд ордог байсан юм байна. Анхны түрүүгээ хэзээ авч байв?

-Тийм. Багадаа бөхийн тэмцээн, уралдаанд их ордог байсан. “Их хурд”-ын үеэр хүүхдүүдийн дунд зохиосон бөхийн барилдаанд анх түрүүлж байсан. Тэр анхны түрүүлсэн мэдрэмж маш гоё байсан.

-Багаасаа л бөхөд хайртай хүүхэд байж дээ.

-Тийм шүү. Намайг таван настай байхад анх үндэсний бөхийн бэлтгэлд явуулж байсан. Түүнээс хойш тасралтгүй бэлтгэл хийж ирсэн. Бага байхаасаа ахынхаа барилдааныг үзэж, дотор нь орчихсон мэт догдолж суудаг байлаа. Ах маань уначихаар “Өнөөдөр бөх үзэхгүй” гээд гараад явчихдаг байлаа. Тэгээд л бөх болно гэж мөрөөддөг байсан.

-Өнгөрсөн зун Үндэсний их баяр наадамд түрүүлсэн. Өөр хаана хаана зодоглов?

-Үндэснийхээ их баяр наадамд түрүүлсэн. Тэгээд Алтанцөгц, Цэнгэл сум болон Цагааннуур тосгон үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиосон. Гурвууланд нь барилдаад түрүүлсэн. Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд үзүүрлэсэн. Уржигдар /2025.09.14/ Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд түрүүлээд ирлээ.

-Улсын их баяр наадамд өмнө нь зодоглож байсан шүү дээ.

-Тийм ээ. Хоёр удаа төрийнхөө баяр наадамд зодоглосон байна. Өмнө нь бараг хоцрох шахсан. Шөвгийн наймд үлдэж байлаа. Харин энэ жил дутуугаа гүйцээгээд түрүүлсэндээ маш их баяртай байна.

-Түрүүлсэн үеийн мэдрэмжээ хуваалцвал.

-Мэдрэмж бол үнэхээр гоё. Ёстой л зүүдэнд ч оромгүй сайхан байсан. Аав, ээж нутгийн зон олон маань баярлаж, бүгд л баяр хүргэсэн.

-Улсын их баяр наадмаар илүү цолтой бөхчүүдийг хүлээж байгаад есөн хөлт цагаан тугаа тойрч байгаа харагдсан. Энэ бол бөхийн хүндлэл шүү дээ.

-Манай багш нар том цолтой, насаар ах бөхчүүдийг хүндэл гэж сургасан. Аав, ээж маань ч багаас минь тэгж зааж сургасан. Тэр л захиасыг биелүүлсэн. Жижиг ч гэсэн аав ээжийнхээ захиасыг биелүүлж чадсандаа баяртай байна. Яг миний тэр хүлээж байгаа хэсгийг таслаад сошиалд их тавьсан байсан.

-Улсын заан Б.Серик багш, дасгалжуулагчаас гадна үеэл ах нь шүү дээ. Тэр үед юу гэж байв их баярлаж, бахархсан байх.

-Тийм ээ. Бэлтгэл дээр багш. Харин гэртээ бол ах минь байдаг. Ахдаа маш их баярладаг. Бас бахархдаг. Ах маань Улсын шонхор цол авч чадаагүй. Ах маань 2009 онд Улсын шандас болж байсан. Харин би ахынхаа дутууг гүйцээсэндээ их баяртай байна. Төрийн наадамд түрүүлэхэд ах маань үнсээд баяр хүргэхэд их гоё санагдсан.

-Б.Серик заантай хэзээнээс бэлтгэлээ хийж эхэлсэн бэ?

-Миний бөхийн замналд маш олон сайхан багш нар хичээл зааж, замчилж өгсөн. Бүгдийг нь дурсвал дуусахгүй. Тэд бүгд надад зөвхөн барилдааны арга барил заагаад зогсохгүй, жудагтай, ёс зүйтэй хүн болж төлөвшихийн үнэ цэнийг ойлгуулсан. Би дунд нь хэсэг морь уях гэж үзсэн юм. Тэгсэн Б.Серик ах “чи морь уяж яадаг юм” гээд л хотод аваад ирсэн. Тэгээд Мон-Алтиус сургуульд сурч, “Өлгийн хүчтэн” дэвжээн дээрээ бэлтгэлээ хийж эхэлсэн. Улмаар Х.Цагаанбаатар багшийн удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн байдаг. Анх хотод ирээд дасах гэж их будилсан.

-Ах нь хувь хүний хувьд, бөхийн ур чадвар мэдлэгийн хувьд маш их зүйлийг зааж зөвлөдөг байх.

-Тэгэлгүй яах вэ. Зөв яв, даруу төлөв бай гээд маш олон зүйлийг захиж хэлдэг. Бэлтгэл сургуулилтын үеэр зөвхөн бэлтгэлдээ анхаар, хүнтэй юм ярихгүй бай гэдэг. Өнгөрсөн үндэсний их баяр наадмаар гэхэд шөвгийн дөрөвт Увс аймгийн бөхтэй учраа таарсан. Тэр үед ах маань том биетэй бөх байна шүү, хэтэрхий их дайрч барилдаж болохгүй шүү гэж хэлж байсан.

-Мэдээж ахыгаа хүндэлж хайрлахаас гадна өөр ямар бөхийг дэмждэг вэ?

-Улсын арслан Ц.Содномдоржийг дэмжиж, хүндэлдэг. Ёс зүй, ур чадвар гээд өөрийгөө харуулчихсан хүн дээ. Тийм ч учраас Улсын арслан Ц.Содномдорж, Улсын заан Б.Серик ах шигээ л бөх болохыг мөрөөддөг.

-Хамгийн том зорилго чинь юу вэ?

-Улсын цолтой бөх болохыг л маш их хүсэж байна. Туйлын мөрөөдөлдөө хүрнэ гэж өдөр бүр бэлтгэлээ хийж байна.

-Жүдо бөхөөр хэдэн жил хичээллэж байна. Үндэсний бөхийн бэлтгэлтэйгээ хэрхэн зохицуулж байна.

-Өглөө хичээлдээ яваад өдөр нь жүдо бөхийн бэлтгэлээ хийдэг. Харин орой “Өлгийн хүчтэн” дэвжээн дээрээ бэлтгэлээ хийдэг. Өдөр бүр л бэлтгэлтэй, шахуу хуваарьтай байдаг.

-Яагаад жүдо бөхөөр хичээллэхээр шийдэв.

-Ах маань жүдо бөхөөр хичээллэ гэж зөвлөсөн. Тэгээд л Х.Цагаанбаатар багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд маш хурдан сайжирч, хоёр тэмцээнд орж тодорхой амжилт үзүүлсэн байна. Х.Цагаанбаатар багшийн хувьд маш сайн багш. Хэнийг ч ялгана гэсэн ойлголт байдаггүй. Маш их хүндэлдэг. Сая улсын наадамд түрүүлэх үед тэврээд үнсэхэд их баярласан. Жүдо бөхийн хувьд үндэсний бөхөөр барилдахад надад давуу тал үүсгэх юм шиг санагдсан. Мөн жүдо бөхийн хүндлэл нь маш гоё. Хүн бүрийг маш гоё хүндэлдэг гоё спорт. Тийм ч учир төлөв даруу хүн больё гээд жүдогоор барилдаж эхэлсэн. Гэхдээ цаашид 2-3 жил энэ спортоороо хичээллэж байгаад үндэсний бөхөөрөө дагнаж барилдана гэсэн бодолтой байна. 

-Ярилцсанд баярлалаа. Бэлтгэлд нь амжилт хүсье.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө