Ө.Шижир: Ашиглалтад ороогүй барилгын төсөвт өртөг 10 жилийн хугацаанд 5.1 тэрбумаас 26 тэрбум болтлоо өсжээ

Ө.Шижир: Ашиглалтад ороогүй барилгын төсөвт өртөг 10 жилийн хугацаанд 5.1 тэрбумаас 26 тэрбум болтлоо өсжээ

УИХ-ын гишүүн Ө.Шижир 2026 оны улсын төсвийн талаар дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Тэрээр “2026 оны улсын төсвийг өчигдөр хүлээж аваад өнөөдөр харж байна. Ганцхан 2026 оны гэлтгүй сүүлийн 10 жилийн улсын төсвийн урсгал зардлын тэлэлт, хөрөнгө оруулалтын оновчгүй байдлаас үүдэж төсвийн зардал жил бүр хэдэн их наядаар нэмэгдсээр байна. Тухайлбал сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсвөөс зөвхөн соёлын ордон, музей, театр, нэг цэгийн үйлчилгээ, ЗДТГ-н байр, орон сууц, татвар, нийгмийн даатгалын гээд 939 барилгын төсөлд нийтдээ 1.6 их наяд төгрөг зарцуулжээ. Энэ бүхэн нь эргээд улсын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж төсвийн хөрөнгө оруулалтыг багасгаж олсон орлогынхоо ихэнхийг зардал болгож нийгмийн суурь салбарын хөгжилд хүрэлцэхгүй явсаар өдийг хүрлээ. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, цагдаа, онцгой байдал гэсэн байгууллагуудын хөрөнгө оруулалт багтаагүй болно.

Ганцхан жишээ хэлэхэд, 2012 онд анхны төсөвт өртөг нь 5.1 тэрбумаар батлагдаж өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байж төсөвт өртөг нь 26 тэрбум болсон жишээ ч байна. Гарын салаагаар хяналтгүй урсаж буй улсын зардал 2016 онд 9.4 их наяд байсан бол 2025 онд 35.8 их наяд, 2026 онд 32.9 их наяд боллоо. Төрийн зардал нэмэгдэхийн хэрээр түмний амьдрал сайжирсангүй. Иймээс төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын бодлого дээр бодит дүгнэлт хийх шаардлага нэн чухал байна. Та бүхэн УИХ-ын цахим хуудсаар орж төсөвтэй танилцаарай. Энэ доорхи ганцхан жишээ. Энэ мэт сүүлийн 10 жилээр хийсэн дүгнэлтээ танилцуулна. Бидний мөнгө тэдний мөнгө байсанг харуулна. Зураг дээрхи ганцхан жишээ дээр дурдсан, анх 5.1 тэрбумаар батлагдаад 14 жилийн дараа 26 тэрбум болсон түүх. МАН засаг бариад 10 жил боллоо. Энэ бүхэн чиний, миний, таны, та бүхний татварын мөнгө болохоос хэн нэг улстөрчийн мөнгө биш шүү дээ” гэжээ.