Монголд хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээ Оросын ерөнхийлөгч В.Путин илэрхийлжээ

Монголд хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээ Оросын ерөнхийлөгч В.Путин илэрхийлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дорнын эдийн засгийн X чуулга уулзалт”-д оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан билээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг Оросын талд тавьсан байна. Энэ жил манай улсын газар тариалангийн бүс нутагт ган гачиг нүүрлэж, ургацын байдал хүндэрсэн тул 100-150 мянган тонн хүнсний улаанбуудай болон малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, байгаль цаг уураас шалтгаалсан хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин энэхүү хүсэлтэд нааштай хариу өгсөн байна. Энэ жил нэгд, Орос улс хангалттай хэмжээний ургац хурааж авч буй, хоёрт ОХУ улаанбуудайн экспортоороо дэлхийд тэргүүлэгч улс тул Монголын талын хүсэлтийг шийдвэрлэхэд саад болох зүйл үгүй гэж хэлсэн байна. Энэ чиглэлээр хоёр талын салбарын яамд хамтарч ажиллаж, хэрхэн яаж нийлүүлэх зэрэг техникийн асуудлуудаа шуурхайлах хэрэгтэй гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч Путин онцолжээ.