Өнгөрөгч Ням гараг /2025.08.31/-т АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж намын даргаараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон. Улмаар үүний дараа АН-ын Их хурал хуралдаж, О.Цогтгэрэлийг тус намын даргаар батламжилсан юм.
Тэгвэл энэ сарын 15 /2025.09.15/-нд эхлэх УИХ-ын намрын чуулганы үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өгөх ёстой. Иймд АН-ын бүлгийн даргаар хэн өрсөлдөх бол гэдэг нь анхаарал татаж эхлээд байна. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөнө гэдгээ "Морьтон" фракцаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, "Фортуна" Н.Батбаярын охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Нэг монгол" фракцаас өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Ж.Батсуурь АН-ын бүлгийн дарга болохоор тохироог нэгэнт хийжээ.
Энэ удаагийн АН-ын даргыг тодруулах ҮБХ-ны хуралд Ж.Батсуурийн Мондэ фракц гол үүргийг гүйцэтгэсэн байна. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибал үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. Учир нь Ц.Туваан, Н.Ганибал нарын тэргүүлдэг "Нэг монгол" фракц АН-ын даргаар О.Цогтгэрэлийг сонгогдоход идэвхийлэн ажилласан аж.