Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах модон барилдаан буюу Мас-Рестлингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн “АРА” комплейкст болж байна. Тус тэмцээн долдугаар сарын 31-нээс энэ сарын 2 хүртэл үргэлжилнэ. Олон улсын Мас-рестлингийн спортын холбооны дэргэдэх 7 дахь удаагийн ДАШТ-д 30 гаруй орны баг тамирчид оролцохоор Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Монгол Улсад анх удаа тэр дундаа орон нутагт зохион байгуулагдах болсон Мас-Рестлингийн ДАШТ-д 31 улсын 400 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээнийг зохион байгуулагч давуу эрхийн дагуу манай улсаас хамгийн олон буюу 35 тамирчин оролцоно. Казахстан, ОХУ, Киргизээс тус бүр 17, Пакистанаас долоо, АНУ-аас зургаан тамирчин оролцохоор иржээ. Тэмцээний шүүгчээр Олон улсын зэрэглэлтэй гадаад, дотоодын 45 шүүгч ажиллахаар болсон байна. Монголын Мас-рестлингийн спортын холбоо болон Архангай аймгаас зохион байгуулалтын ажилд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж.