Ж.Баярмаа: Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн

Ж.Баярмаа: Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн

ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох 100,000 иргэний саналыг дэмжиж боловсруулсан хуулийн төслийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2025.05.08/ мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хоёр долоо хоногийн өмнө иргэн Шинэгэрэлийн санаачилгаар 100 мянган хүн ХХОАТ-ыг нэг хувь болгох саналыг дэмжиж D parliament сайт дээр цахим гарын үсгээ зурсан. Энэ гарын үсэг ердөө долоо хоногийн дотор цугларсан. Үүнийг хэрэгжүүлэх нь УИХ-ын гишүүн бидний үүрэг. Тухайн үед бид энэ асуудлаар хэвлэлийн хурал хийж байсан. Түүнээс хойш ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг боловсруулсан. Улмаар нийтийн өргөдөл, гомдлын систем дээр байршуулсан. Одоогийн байдлаар боловсруулах шатандаа явна гэсэн статустай харагдаж байгаа. Иргэд үүнд саналаа өгөх, өөрсдийн шийдлээ хуваалцах бүрэн эрхтэй.

Мөн бид өнгөрсөн тавдугаар сарын 05-нд өөрсдийн боловсруулсан ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслөө Засгийн газарт хүргүүлсэн.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байгаа. Өмнө нь ярьж байсанчлан татварын дарамт маш их байгаа. Үүнийг иргэд бүгд хэлж байгаа. Тиймээс орлого нь хүрэлцэхгүй байгаа иргэдээс өндөр татвар авч төсвийн зарлагад зарцуулдаг байдлыг зогсооё гэсэн зарчмын саналтай байгаа. Тиймээс ХХОАТ дотор байгаа зургаан төрлийн татварыг бүгдийг нь нэг хувь болгон бууруулах хуулийн төсөл санаачилсан байгаа. Хуулийн дагуу процесс явж дууссаны дараа УИХ-ын даргад өргөн барина.

Иргэн баян бол улс баян гэдэг. Тэгэхээр хоёр сая төгрөгийн цалинтай хүн ХХОАТ-ын 9 хувиа төрд хураалгалгүй авч үлдвэл 180 мянган төгрөг үлдэх юм. Энэ 180 мянган төгрөг иргэдэд бодит орлого болж хувирна. Ядаж шуудай гурил, уут будаагаа авна. Энэ мөнгө төрөөс төрсөн тэрбумтнуудад цайны мөнгө байх. Гэхдээ иргэдэд тийм биш.

2025 оны төсвөөр авч үзэх юм бол 2.5 их наяд төгрөгийн зөрүү гарна гэж ярьж байгаа. Энэ 2.5 их наяд төгрөгийг бүрдүүлэхэд маш амар, 2026 оны төсвийн орлогоо тооцоолохдоо энэ дүнг хасаад, татвар төлдөг 900 мянга орчим иргэнээс олох орлогоо 9 хувь бууруулж төсөвлөнө. Тэгээд төдий чинээ зарлагаасаа хасна гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэх боломжтой юм уу гэж асууж байна энэ бол боломжтой. Та бүхэн санаж байвал 2025 оны төсвийг хэлэлцэж байх үед 33.8 их наяд төгрөгийн төсөв оруулж ирсэн. Гишүүд үүнийг багасгах хүсэлт тавьсан. Сангийн сайд үүнийг танах боломжгүй гэж мэдээлж байсан ч Ерөнхийлөгч хориг тавьснаар долоо хоногийн дараа 33 их наяд болгоод оруулж ирж байсан. Сангийн сайд төсвийг танах хувилбаруудыг бэлдсэн байгаа гэж хэлж байсан.

Тиймээс энэ удаа ч гэсэн иргэдийнхээ нуруун дээрх ачааллаас бага ч болтугай бууруулахад Сангийн яам хувилбаруудыг нь тооцоолоод гаргаад ирнэ гэдэгт итгэлтэй байна. Иргэд ч мөн бидний боловсруулсан хуулийн төсөлтэй танилцаасай гэж хүсч байна" гэв.