Одоогоос таван жилийн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урд “Car City” буюу эргэдэг авто зогсоолыг барьж байлаа. 16 автомашины багтаамжтай уг зогсоолыг Нийслэлийн Автозамын сангийн 655 сая төгрөгөөр бариулсан. Эл зогсоолыг аль дөрвөн жилийн өмнө барьж дууссан ч ашиглалгүй үзмэр болгож эцэст нь өнөөдөр агуулахад хурааж байна. Цаашдаа хаана ашиглах нь ч тодорхойгүй байгаа юм.
ВИДЕО:
-ЯГ НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ АЖИЛЛУУЛАХ ХҮНГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ЭРГЭДЭГ ЗОГСООЛЫГ БУУЛГАЖЭЭ-
Тодруулбал, тус автомат зогсоолыг байгуулж дуусаад Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн өмч болгохоор хүлээлгэж өгсөн байдаг. Гэвч уг эмнэлэгт тухайн авто зогсоолыг ажиллуулах мэргэжилтэн байхгүй тул өмчдөө бүртгэж авалгүй өнөөдрийг хүрчээ. Мөн өнгөрсөн жил буюу 2024 оны наймдугаар сард эргэдэг авто зогсоолыг буулгасан байна.
Тэгвэл одоо Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг 132 автомашины таван давхар авто зогсоолын барилгатай болж байгаа тул эргэдэг авто зогсоолыг ашиглахгүйгээр хураажээ. Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээр өдөрт дунджаар гурван мянга орчим иргэн үйлчлүүлдэг. Үүнийг дагаад зогсоолын эрэлт хэрэгцээ их байдаг.
Тэгвэл эрэлт хэрэгцээнд тулгуурлан тооцолгүй эргэдэг авто зогсоол байгуулсан нь үр ашиггүй зардал болжээ.
-БУУЛГАСАН ЗОГСООЛЫН ГАЗАРТ ДАХИН ДАВХАР ЗОГСООЛЫГ БАРЬЖ БАЙНА-
Дээрх асуудлын талаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээс тодруулахад “Тухайн авто зогсоолыг хурааж, хадгалсан цаашид хаана ашиглах нь тодорхойгүй байна. Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлэх талаар яригдаж байгаач тодорхой болоогүй” гэв. Ашиглалтад орохгүй байгаа шалтгааныг туслан гүйцэтгэгч "Ай Ти Партнерс" компани “Мэргэжлийн хяналтын газраас улсын хэмжээнд мөрддөг авто зогсоолын “стандарт”-д өөрчлөлт оруулж байж, ашиглах шаардлагатай гэж үзсэн” хэмээн тайлбарлаж байжээ. Улаанбаатар хотын иргэдэд өдөр тутамд тулгардаг хүндрэлтэй асуудлуудын нэг бол автомашины зогсоолын асуудал.
Ялангуяа эмнэлэг, төрийн үйлчилгээний байгууллагуудын зогсоол хүрэлцээгүй байдгаас иргэд цагаа алдаж, автомашинаа ачуулах тохиолдол ч цөөнгүй гардаг. Гадаадын хөгжингүй орнууд зогсоолын асуудлаа энэ мэт технологийн дэвшлээр шийддэг бол манайх барьж дууссан ганцаа ашиглалтад оруулчхаж чадахгүй байсаар хураасан нь харамсалтай. Уг нь Монголд давхар зогсоолын дүрэм бий. Гэвч яг эргэдэг төрлөөр хийгдсэн зогсоолын зохицуулсан дүрэм тухайн үед байгаагүйгээс тус бүтээн байгуулалт ашиглалтад оролгүй саатах бас нэг шалтгаан болж байжээ.
Автомат эргэдэг автомашины зогсоол, энгийн хэр нь үр дүнтэй арга юм. Тээврийн хэрэгслийг босоо тэнхлэгт эргэдэг тавцан дээр байрлуулж, ихэвчлэн хэдхэн машины зайд олон машин зогсоох боломжтой аж. Энэ нь зөвхөн газар ашиглалтыг оновчтой болгоод зогсохгүй, нийслэлийн нийтлэг асуудлыг шийдэж, зогсоол олоход шаардагдах цаг хугацаа, хүчин чармайлтыг багасгах юм. Жишээ нь нийслэлд дөрвөн автомашины эл зогсоолын оронд 64 автомашин зогсоох боломжтой эргэдэг авто зогсоол ямар ч асуудалгүй үйл ажиллагаа явуулж байна. Монголд ажиллах мэргэжилтнийг бэлтгээд стандарт норм дүрмийг мөрдүүлчихвэл тус зогсоолыг ажиллуулахад ямар ч асуудал алга.