ШУУРХАЙ: О.Мөнхжин, Б.Гантиг нарын койны зарим хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож, шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: О.Мөнхжин, Б.Гантиг нарын койны зарим хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож, шүүхэд шилжүүлжээ

"Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн оны тавдугаар сарын 17 /2024.05.17/-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, улмаар шүүхээс хэргийг прокурорт буцаасан билээ. 

Тодруулбал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус хэргийг "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй" хэмээн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. 

Тэгвэл прокуророос О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох тус хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокуророос "Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар буюу "Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн" хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Өмнө нь Нийслэлийн прокурорын газраас тэднийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэж үзсэн байдаг.

Тиймээс Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан юм. 

Харин анхан шатны шүүхээс хэрэг буцаад дахин прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх нэр бүхий хүмүүст холбогдох Мөнгө угаах, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах зэрэг хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь энд анхаарал татаж буй юм.

Ямартай ч хэсэг хугацаанд цагдан хоригдож, олон хүнийг эд хөрөнгөөр нь хохироосон гэгдэж байсан О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох зарим хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож, хоёр зүйл ангиар яллажээ. Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод  мэдээллийг хууль бусаар ашиглах:

  • 2.1.бүлэглэж
  • 2.2.албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.