“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэний дөрвийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, бусдад нь торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус хэрэгт шүүгдэж буй нэр бүхий хүмүүс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хандсан байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 667 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар магадлалтай, Д.Бауыржан, А.Гылымхан, Д.Ербол, С.Хонаев, А.Камелият, А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, К.Бекжан, Ө.Хуралай, К.Болат, С.Арман, Д.Есболат, Т.Аршагүл нарт холбогдох хэргийг шүүгдэгч А.Камелиятын өмгөөлөгч Л.Сарангуа, шүүгдэгч К.Хуанышийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч С.Арманы өмгөөлөгч Р.Машлай, шүүгдэгч А.Гылымхан, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Кадырбек, шүүгдэгч С.Хонаев, түүний өмгөөлөгч П.Еркебулан, шүүгдэгч Д.Бауыржаны өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүгдэгч А.Серикболатын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч К.Болат, түүний өмгөөлөгч С.Нургайып, шүүгдэгч К.Бекжаны өмнөөлөгч Ө.Алтангадас нарын гаргасан гомдлуудыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх хурал энэ сарын 08-ны өдөр болохоор товлогдсон байна.
Эргэн сануулахад, анхан шатны шүүхээс нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэр бүхий 10 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч аймгийн Засаг дарга асан Д.Баурыжан, аймгийн Засаг даргын орлогч асан А.Камелият, Аймгийн Засаг дарга асан А.Гылымхан нарт 14 мянган нэгжээр торгож, таван жил төрийн албанд орох эрх хасах ял, шүүгдэгч хуулийн хэлтсийн дарга асан А.Серикболатад 10000 нэгж торгох ял, шүүгдэгч аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арманд 8000 нэгж торгох ял, нэр бүхий бусад таван шүүгдэгчид 5000 нэгж торгох ял тус тус оногдуулсан байдаг юм.