"Reporters Without Borders" (RSF) байгууллага жил бүр гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээ танилцууллаа.
Монгол Улс энэ жил хэвлэлийн эрх чөлөөний индексээр 52.57 оноотой 102-т бичигдэж, өмнө жилийн 109-р байраас 7 байр урагшилсан байна. Монгол улсын онооны үзүүлэлтийн хувьд Улс төр 41.26 оноо авч 106-р байр, Эдийн засаг 36.15 оноо авч 116-р байр, Хууль 59.57 оноо авч 94-р байр, Нийгэм 64.98 оноо авч 73-р байр, Аюулгүй байдал 60.89 оноо авч 112-р байр тус тус эзэлжээ.
Өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 1 оноогоор дээшилж, 109-өөс 102 дугаар байрт шилжсэн боловч хэвлэлийн эрх чөлөө “хүнд” ангилалд багтсаар байна. Монгол Улсын нөхцөл байдлыг үнэлэхдээ олон ургальч байдлыг хүндэтгэн дэмждэг хэдий ч, эх сурвалжийг нууцлах эрх хангалтгүй, гүтгэлгийн эсрэг хууль нь сэтгүүлчдийн эсрэг дур зоргоор шүүхэд хандахад түлхэц болж, улмаар өөрийн цензур тогтоож байна гэжээ.
Мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс дэх эдийн засгийн үзүүлэлт 2025 онд ч буурсаар, урьд хожид байгаагүйгээр ноцтой түвшинд хүрчээ. Үүний улмаас дэлхий нийтэд хэвлэлийн эрх чөлөөний байдал түүхэндээ анх удаа “хүнд нөхцөл байдал” хэмээн ангилагдаад байна. Энэ жилийн индексийг Норвеги улс 92.31 оноогоор тэргүүлэв. Харин ОХУ, Никарагуа, Вьетнам, Хойд Солонгос, Сири, Хятад зэрэг орнууд сүүл мушгижээ.