ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүүлийн өдрүүдэд хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл ихэсч байгаатай холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОБЕГ, ЦЕГ, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Ойн газар хамтарч өнөөдөр /2025.05.02/ мэдээлэл хийлээ.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 2025 он гарсаар улсын хэмжээнд нийтдээ 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 80 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Үүний улмаас 26820 га ойн талбай, 701 мянга орчим хээрийн га талбай өртсөн. Түймрийн улмаас айлын гэр байшин, автомашин, мотоцикль, малын хашаа, өвөлжөө нийтдээ урьдчилсан байдлаар 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. 2025 оны тавдугаар сарын хоёрны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, тухайн орон нутгийн иргэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.