Улаанбаатар хотод 2025 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 2-4-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ удаагийн татлагаар хилийн болон дотоодын цэргийн ангиудад хугацаат цэрэг татах бөгөөд цэрэг татлагын үйл ажиллагаа нь олон байгууллагын хамтарсан нэгдсэн ажиллагаа байдаг. Шинээр батлагдсан Засгийн газрын тогтоолоор I, II, III дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулах бол төгсөх дамжааны оюутнуудыг цэргийн албанаас чөлөөлсөн” хэмээлээ. Цэрэгт татагдах иргэд нь найман төрлийн эмнэлгийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх болон диплом зэрэг бичиг баримтаа биедээ авчрах шаардлагатай аж.
Нийслэлийн цэрэг татлагын байрлалууд дараах сургуульд байрлаж байна:
- Баянгол дүүрэг – 96-р сургууль
- Баянзүрх дүүрэг – 14-р сургууль
- Сүхбаатар дүүрэг – 3-р сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – 83-р сургууль
- Чингэлтэй дүүрэг – 5-р сургууль
- Хан-Уул дүүрэг – 34-р сургууль
Татлагад хамрагдах иргэдийг хугацаандаа очихыг холбогдох албанаас анхааруулж байна.
Ж.ИЧИНХОРЛОО