Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институтийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институтийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Тайландын Хаант Улсын Бангкок хотод энэ сарын 21-25-нд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 81 дүгээр чуулган боллоо.

Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институтийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульд Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо оролцож, гишүүнээр сонгогдлоо. Удирдах зөвлөлийн сонгуульд 12 улс нэрээ дэвшүүлж, өрсөлдсөнөөс БНХАУ, БНСУ, Энэтхэг, Малайз, Пакистан, Филиппин, Тайланд, Монгол Улс сонгогдож, 2025–2028 онд тус зөвлөлийн бодлого, үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллах юм.

Дашрам дурдахад, манай улс 2000-2003, 2019-2022 онд НҮБ-ын АНДОСИ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн орноор сонгогдон ажиллаж байсан туршлагатай. АНДОСИ нь Монгол Улсын статистикийн системийн албан хаагчдыг сургаж мэргэшүүлэхэд онцгой хувь нэмэр оруулдаг бөгөөд тус институтээс зохион байгуулдаг урт, дунд, богино хугацааны сургалт, семинарт статистикийн салбарын албан хаагчид 1990 оноос эхлэн хамрагдсан. Өнгөрсөн хугацаанд тус институтийн сургалтад 660 гаруй албан хаагч хамрагджээ.