Он гарсаар 76 ой хээрийн түймэр бүртгэгдэж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж ОБЕГ-аас мэдээллээ

Он гарсаар 76 ой хээрийн түймэр бүртгэгдэж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж ОБЕГ-аас мэдээллээ

Ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мдээлэл хийж байна. 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Дээрх ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7 хувь, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад 38 хувь өссөн дүнтэй байна.

-СЭЛЭНГЭ АЙМАГТ 2 ГЭР, 10 ӨВӨЛЖӨӨ, 1 ТРАКТОР ШАТЖЭЭ-

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 271 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна. Түймрийн голомт руу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 30 алба хаагч, 3 автомашинтай өнөө өглөө хөдөлгөөн үйлдсэн. Тус түймэрт урьдчилсан байдлаар Хушаат суманд 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулж, хойд хэсэгт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн нийт 150 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртсөн.