Татварын багц хуулийн шинэчлэлтэд ХХОАТ-ын шаталсан татварын босгыг 2 дахин нэмэгдүүлж, иргэд төлсөн татвараасаа буцаан олголт авдаг болно гэж заажээ

Татварын багц хуулийн шинэчлэлтэд ХХОАТ-ын шаталсан татварын босгыг 2 дахин нэмэгдүүлж, иргэд төлсөн татвараасаа буцаан олголт авдаг болно гэж заажээ

Монгол Улсын татварын тогтолцоо иргэд, аж ахуйн нэгжүүдэд ээлгүй, хүндрэл, дараатай байсаар ирснийг хүн бүр хэлдэг. Үүнийг зайлшгүй шинэчлэх хэрэгцээ, шаардлага тулгарсныг ч эдийн засагчид ярьж буй. Иймд УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдаж, татварын цогц шинэчлэлт хийхээр ажиллаж эхэлсэн.

Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж, Т.Аубакир, Р.Батболд, Ж.Баясгалан, Х.Ганхуяг, П.Ганзориг, Б.Заяабал, О.Номинчимэг, Б.Пунсалмаа, Д.Энхтүвшин нарын гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан юм.

-ШАТАЛСАН ТАТВАРЫН БОСГЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ-

Хувь хүний орлогын албан татварыг 1% болгон бууруулах санал асуулга явж, 100 мянган иргэн дэмжсэнээр байнгын хороогоор хуулийн төсөл санаачлах эсэхийг шийдвэрлэхээр байгаа. Иймд татварын багц хуулийн төсөлд шинэчлэлт орсноор хэрхэн өөрчлөгдөхийг харвал, шаталсан татварын босгыг 2 дахин нэмэгдүүлсэн байна. Манай улс шиг уул уурхайн баялагтай улсад шаталсан татварын тогтолцоо нэн тохиромжтой байдаг аж. Өмнө нь бид 0-10 саяын орлоготой бол 10%, 10-15 сая төгрөгийн орлоготой бол 15%, 15 саяас дээш төгрөгийн орлоготой бол 20%-ийн татвар төлдөг байсан. Харин хуулийн шинэчлэлтэд зааснаар,

  • 800 мянган төгрөг хүртэлх цалинтай иргэний ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлнө.
  • 0-10 сая төгрөгийн цалинтай иргэдийг 10%,
  • 10–15 сая төгрөгийн 12%,
  • 15-20 сая төгрөгийн цалинтай бол 14%,
  • 20-25 сая төгрөгийн цалинтай бол 16%,
  • 25-30 сая төгрөгийн цалинтай бол 18%,
  • 30 саяас дээш төгрөгийн цалинтай бол 20%-ийн татвар төлнө. 

Өөрөөр хэлбэл төлөх ХХОАТ-ийн хувь хэмжээ тодорхой хэмжээгээр буурна. Мөн иргэн бүрд татварын хөнгөлөлтийг олгох бөгөөд төсөвт үзүүлэх нөлөө нь 2.4 их наяд төгрөг гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Төрөөс гарж байгаа бүх мөнгө и-баримт дээр тулгуурлаж гардаг болох юм байна. Одоогоор төрөөс гарж байгаа хөрөнгө оруулалт НӨАТ-тай гардаг ч урсгал зардал НӨАТ-гүй гардаг бөгөөд үүнийг бүгдийг нь НӨАТ-тай болговол хувь хүний орлогыг тодорхойлох бүрэн боломжтой болж, хувь иргэн дээр татварын хөнгөлөлт эдлүүлэх боломж үүсэх аж. Мөн аж ахуйн нэгжүүд 1.5 тэрбумын орлого олж түүнээсээ 1 хувиар татвар төлдөг байсан бол үүнийг 2.5 тэрбум болгон өсгөж байгаа юм байна.

Ийнхүү Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн талаар дурдахад ийм байна. Харин НӨАТ-ын хувьд 0-500 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг иргэд 100%, 500-800 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг бол 50%, 800 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийдэг бол 20%-ийн НӨАТ-ын буцаалт авдаг болох гэнэ. 

-ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛТ ХИЙСНЭЭР ӨРХИЙН БОДИТ ОРЛОГО 8-10% ӨСӨЖ, ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ-

Хувь хүний орлогын албан татварыг гаднын улс оронд хэрхэн авдаг талаар тодруулбал Шинэ Зеландад 10.5-39 хувийн татварыг авдаг бол Сингапурт 0-24 хувийн татварыг 14 шатлалтайгаар, Солонгост 6-45 хувийн татварыг 8 хувийн шатлалтайгаар, Итали Улсад 24-43 хувийн татварыг 3 шатлалттайгаар авдаг байна.

Түүнчлэн 2025 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн энэ хуулийн хэлэлцүүлгийн зохион байгуулж, бүх нийтээс санал авч эхэлсэн. Татварын шинэчлэлтийн хуульд 170 мянган иргэн саналд өгсөн байна.

Мөн НӨАТ болон ХХОАТ-ын хөнгөлөлт хэрэгжиж эхэлбэл 1 сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн орлого 145 мянган төгрөгөөр, 2.5 сая хүртэлх орлоготой иргэдийнх 158 мянган төгрөгөөр, 3.5 сая төгрөг хүртэлх цалинтай, 5 ам бүлтэй иргэдийн орлого 368 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэнэ. Түүнчлэн Татварын шинэчлэлтийг хийснээр 2026 оноос эхлэн өрхийн бодит орлого 8-10 хувь өсөж, бизнес эрхлэхэд татварын орчин сайжирч, далд эдийн засаг буурч, татварын суурь тэлэх тооцоо гарчээ. Мөн бизнесийн идэвхжил хөрөнгө оруулалт өсөж, ажил эрхлэлт нэмэгдэхээр байна.