Wake Up рок хөгжмийн наадамд Солонгос, Хятад, Орос, Япон, Монголын хамтарсан 37 хамтлаг оролцоно

Wake Up рок хөгжмийн наадамд Солонгос, Хятад, Орос, Япон, Монголын хамтарсан 37 хамтлаг оролцоно

"Growl of Clown" хамтлаг "рок хувьсгал" уриан дор Wake Up амьд хөгжмийн наадам зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр /2024.05.14/ мэдээлэл өглөө.

Уг амьд хөгжмийн наадам нь тавдугаар сарын 25-ны өдөр задгай талбайд буюу Sky Resort-д болох бөгөөд Солонгос, Хятад, Орос, Япон, Монголын хамтарсан 37 хамтлаг оролцох аж. 

"Growl of Clown" хамтлагийн ахлагч Б.Хүрэлбаатар, "Манай хамтлаг 2014 онд байгуулагдсан. Хамтлагийн ахлагч Б.Хүрэлбаатар, басс гитарчин Ё.Ерөөлт, бөмбөрчин Э.Алтан-Эрдэнэ, гитарчин О.Бархүү гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 10 жилийн ойгоо угтах гэж байна. 2018 онд "Сөнөсөн хот", 2021 онд "Салбадай" цомгуудаа гаргаж байсан. Энэ жил Wake Up наадам дээрээ "Хүнд төмөр машин" гэх гурав дахь цомгийнхоо нээлтийг хийнэ. Гурав дахь цомог хэт их машинчлагдсан нийгэм, системийн бодлогыг шүүмжилсэн шүүмж дуу хоолойгоо хүргэсэн цомог байх болно. Манай хамтлаг монголын хамгийн анхны металл урсгалын пянзыг гаргаж байсан. Гурав дахь цомгоо мөн пянз хэлбэрээр гаргана. Урьдчилсан захиалгаа авч байгаа. Урьдчилсан захиалгаар пянз авсан хүмүүстээ Wake Up наадмынхаа тасалбарыг бэлэглэнэ" гэв. 

Мөн "Рок хувьсгал" гэх уриа нь монгол хүүхэд залуучуудын оюун санаанд рок хөгжим, урлагаар дамжуулж эерэг хувьсгал хийх гэсэн утгатай аж. Наадам руу очиход хэд хэдэн цэгээс тодорхой цагуудад автобус үйлчлэх ба энэ талаарх мэдээлэл тодорхой болохоор дэлгэрэнгүй танилцуулна. Тасалбар тавдугаар сарын 25-ны өдөр хүртэл Shoppy.mn, GS25-н бүх салбаруудаар болон фестивалийн үүднээс авч болох аж.