Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилттой холбоотойгоор нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлийнхний эрх ашгийг зөрчиж буй талаар "Сөүл ресторан" компанийн төлөөлөл хийлээ.
Тэрбээр “Хотын өмнөх дарга Д.Сумьяабазар даргатай таван сарын турш хэлэлцээ хийж ярилцсаны үр дүнд рестораныхаа хойд талд тодорхой хэмжээний газрыг зогсоол хэлбэрээр ашиглахаар болж, авсан. Холбогдох газрын тухай хууль, хотын үйлчилгээний газрын зогсоолыг шийдвэрлэх үйл ажиллагааны дагуу Сөүл рестораны үйл ажиллагаанд шаардлагатай орц, гарц зогсоол зэргийг одоогийн Рио тинто компанийн хэрэгжүүлж байгаа Паркийн шинэ төсөлд заавал тусгах шаардлагатай. Зураг төслөөр бол манай рестораны арын талбай дахь 50 автомашины зогсоолыг холбогдох дүрэм, журмын дагуу бидэнд өгөх ёстой. Гэтэл рестораны хойно байрлаж байсан бүх зогсоол дээрх төслийн хүрээнд алга болсон. Энэ нь манай бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулсан боловч бид хүүхдийн паркаа сэргээж, цэцэрлэгт хүрээлэнг бий болгож буй уг ажилд хамтран оролцож байгаа. Цаашид ч хамтдаа асуудлаа шийдвэрлээд явахад бэлэн байгаа ч бидэнд хүндрэл учраад байна.
Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд шинээр томилогдсон хотын дарга Х.Нямбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажилтай танилцахаар ирэхдээ манай рестораны менежерт “Цэцэрлэгт хүрээлэн сөүл рестораны зогсоолыг бодолцох огт шаардлагагүй тул долоо хонгийн дотор бүх тээврийн хэрэгслийг зайлуул” гэсэн шаардлага тавьсан байна. Хэрэв хотын даргын хэлсэн үг хэрэгжвэл Сөүл ресторанаар ямар ч хүн үйлчлүүлэх боломжгүй болж үйл ажиллагаа зогсож, манай ажилчид нэг өдрийн дотор ажлын байргүй болох аюул нүүрлээд байна.
Бид 28 жилийн турш бүх хүчээ дайчлан ажиллаж олон хүний үйлчлүүлэх дуртай ресторан болсон ч эрх баригчийн захирамжаар гэнэт хаагдахад хүрвэл Монгол-Солонгосын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийн таатай харилцааг бий болгох, дэмжих хоёр улсад байгаа иргэдийн эрх ашгийг харилцан хамгаалах гэсэн харилцан зөвшилцөл талаар болно. Сүүлийн жилүүдэд Монгол Солонгос хоёр улс идэвхтэй хамтын ажиллагаа тэлж, иргэд хоорондын солилцоо ихсэж байгаа. Энэ үед гадаадын болон дотоодын бизнес эрхлэгчдэд хэт их дарамт үзүүлж, бизнесийн эрх ашигт халдаж байгаа нь соёл иргэншилтэй, хууль дүрэмтэй улсын хувьд байж боломгүй зүйл гэж үзэж байна” гэлээ.
ВИДЕО: