Дүү минь өөрөө хүүхдээ төрүүлээд нас барсан байхад Архангайн эмч нар бидний урдаас инээсэн

Дүү минь өөрөө хүүхдээ төрүүлээд нас барсан байхад Архангайн эмч нар бидний урдаас инээсэн

Энэ сарын 11-ны өдөр Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 37 настай М нь төрөх явцад ухаан алдаж улмаар сэргэлгүй байсаар нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, хэргийг шалгаж эхлээд байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийн нас барсан шалтгаан тодорхойгүй учир Улаанбаатар хотоос Эмгэг судлалын үндэсний төвийн эмч нар очиж шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу 21 дараа гарна. Талийгаач эмэгтэй дөрөв дэхь хүүхдээ төрүүлэхдээ ийнхүү энджээ.

-ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ: ДҮҮГ МИНЬ НАС БАРАХ ҮЕД ЭМЧ НАР ДЭРГЭД НЬ БАЙГААГҮЙ-

Талийгаачийн төрсөн эгч “Миний төрсөн дүү энэ сарын 10-ны өдөр дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт хэвтсэн. Ингээд 11-ний үдээс өмнө 11.00 цагт дүүд өөрөөрөө төрөх ёстой гээд төрүүлэх явцыг хурдасгадаг тариа дусал залгасан юм билээ. Үүнээс хойш 14.00 цаг хүртэл эмч нар ямар ч үзлэг эмчилгээ хийгээгүй. Энэ хооронд дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд нас барсан. Энэ үед эмч нар хажууд байгаагүй.

Дусал залгуулаад хэвтэж байсан дүү минь царай нь хөх болчихсон байсныг хажуу талын хүн нь харж “Энд хүн ухаан алдаад уначихсан байна” гэж хэлэхэд эмч нар ирсэн юм билээ. Эмч нар сэргээх гэж үзсэн ч хожимдсон байсан. Өмнөх гурван төрөлт хэвийн байсан. Эмнэлэгт очихдоо биеийн байдал хэвийн, зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байсан. Төрөхийн ямар нэгэн хүндрэл байхгүй. Бид эмнэлэгт найдсан. Тэр л бидний алдаа байлаа. “Үнэхээрийн төрөхийн хүндрэлтэй хүн байсан бол та нар хийсвэр хагалгаа хийчихгүй яасан юм бэ” гэж эмч нараас нь асуухад “Хийсвэр хагалгаа хийх шаардлагагүй өөрөөрөө төрөх хүн байсан” гэж хэлсэн. Нярайн биеийн байдал сайн байгаа. Ээж нь хүүхдээ хэвийн төрүүлчихсөн учраас бие нь хэвийн. Нярай бол эмчгүйгээр төрсөн. Дүү минь өмнө нь эрүүл саруул гурван удаа төрсөн болохоор хүүхдээ амьд төрүүлсэн туршлагатай юм байна гэж бодсон. Бас нэг хардлага гэвэл өвчтөний түүх ч нээгээгүй, бүртгэл нээгээгүй байсан гэх хардлага байна. Гэр бүлтэй нь холбоо барих дугаарыг ч тэмдэглэж аваагүй байсан. Төрөх эмнэлэг рүү ороход мэдээж бүх юмыг нь хураагаад авчихсан учраас дүү минь хэнтэй ч  холбоо барьж чадахгүй байсан байх. Би эмчээс “Та хэдэн цагт үзлэг хийсэн бэ” гэхэд эмч “10.00 цагт үзлэг хийгээд түүнээс хойш үзээгүй” гэж байна билээ. 11.00 цагт дусал тариа залгаснаас хойш үзлэг хийгээгүй. Эмч нар нь согтуу байсан хяналт алдсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хүмүүсийн ярьж буйгаар тухайн үед Мэргэжлийн хяналтаас шалгалт ирээд бүх ажилчид тийшээ анхаараад дүү рүү минь анхаараагүй гэх мэдээлэл байна. Тиймээс би мэргэжлийн хяналтын байгууллагад гомдолтой байгаагаа ч хэлсэн “Та нар хүний ажлын байрнаас салгаж шалгалт хийдэг юм уу” гэж асуухад “Үгүй” гэж хэлсэн. Цагдаагийн газарт бол найдаж байгаа. Ямартай ч өглөөний 10.00 цагт дүүд үзлэг хийгээд нэг тариа зоочихоод дөрвөн цаг хянаагүй гэдэг нь тодорхой байна” гэжээ.

-АРХАНГАЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГА: БИД БҮХИЙ Л АРГА ХЭМЖЭЭГ АВСАН Ч АМЬ НАСЫГ НЬ АВАРЧ ЧАДААГҮЙ. ХҮҮХДИЙГ БИД ТӨРҮҮЛСЭН. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТАД АНХААРЧ ТӨРӨХ ЭХИЙГЭЭ ХЯНААГҮЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ -

Харин талийгаачийг жирэмсний хугацаанд хянаж байсан хорооны эмнэлгийн эмч хэлэхдээ “Хяналтад байх хугацаандаа зургаан удаа үзүүлсэн. Хүндрэл, эрсдэл байгаагүй. Хяналтдаа хэвийн хянагдаж байсан. Энэ сарын 10-ны орой өвдөж очсон. Төрөлтийг эрчимжүүлэх зорилгоор тариа хийсний  дараа нас барсан байсан юм байна” гэжээ.

Эмнэлгийн менежер “Тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт ирсэн нь үнэн. Гэхдээ менежер ганцаараа дуудагдаад тэр шалгалт руу явж бусад эмч, ажилтнууд ажлын байрандаа байсан. Төрөх хүчний хоёр дахь сулрал болсон. Төрөхийг эрчимжүүлэхээр тариа залгасан. Удалгүй царай нь хөхөрч ухаан алдсан. Төрөхийн өмнөх бөмбөгтэй өрөөнд байж байгаад ухаан алдсан. Тухайн үед нь асрагч, эх баригч хоёр мэдэж эмч дуудан яаралтай Эрчимт эмчилгээний тасаг руу оруулж амьсгал, зүрхний үйл ажиллагааг сэхээх эмчилгээ хийсэн ч аварч чадаагүй. Ургийн зүрхний эхогоор хүүхдийг харахад амьсгал бүдгэрч бүтэж эхэлсэн байсан. Тиймээс эмч нар маань яаралтай арга хэмжээ авч хүүхдийг төрүүлсэн. 2.970 грамм төрсөн. Өвчтөний түүх нээгдсэн байсан. Гэхдээ өвчтөний түүхийг ар гэрийнхэнд нь шилжүүлэх боломжгүй. Хуулиараа цагдаа, эмгэг судлалын үндэсний төв зэрэг албаны байгууллагуудад нь өгөх ёстой юм” гэсэн байна.  

-ОДООГ ХҮРТЭЛ ЭМНЭЛГИЙН ДАРГАА ТОМИЛООГҮЙ БАЙНА-

2021 онд Архангай аймгийн эмнэлэгт дөрвөн жирэмсэн ээж амиа алдсан мэдээлэл байгаа юм. Гэтэл Архангай аймгийн удирдлагууд эмнэлгийн даргаа томилоогүй. Төрөх эмнэлгийн дарга нь түр орлон гүйцэтгэгчтэй, тэр нь ээлжийн амралтаа авсан байдалтай байна. Эмнэлгийн зүгээс ар гэрийнхэнд нь хэн гэж эмч төрүүлэх ёстой байсан талаарх мэдээллийг өгөлгүй нууж байгаа аж. Яагаад эрүүл, саруул дүү минь нас барав гэхээр урьдаас нь инээсэнд уур хүрч байна гэж ар гэрийнхэн нь хэллээ.