Өнгөрсөн долдугаар сард эмч, ажилчдын төлөөлөл үндсэн цалингаа хоёр дахин нэмэхийг Засгийн газраас шаардаж, Төв талбайд тайван суулт зарласан билээ. Гэвч суулт хийсэн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдэд хэрэг үүсгэж, Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна. Уг асуудлаар бид тус холбооны тэргүүлэгчдийн нэг болох Ө.Анхболдтой ярилцлаа.
-ЭМЧ НАР СӨХӨРЧ ЯДАРЧ ТУЙЛДАЖ БАЙСАН Ч ХУУЛЬД ЗААСАН ШИГ ГУРАВ ДАХИН ИХ ЦАЛИНГ НЭХЭЭГҮЙ, УЛСЫН ДУНДАЖТАЙ ИЖИЛ ҮНЭЛЭГДЭХ ХЯМД САНАЛ Л ХҮРГҮҮЛСЭН-
-Сайн байна уу. Тагнуулын Ерөнхий газраас эмч нарыг шалгаж эхэлсэн талаар та мэдээлсэн байсан. Суулт зохион байгуулсан гэж шалгаж хэрэг үү. Яг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?
-2021 оны есдүгээр сарын 1-нд Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн холбоо/МЭМАҮЭХ/-ны тэргүүлэгч нар долоон хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан. Тус хурлаар бид долдугаар сарын 1-нд хийсэн хэлэлцээр, эмч нарын цалин хөлсийг улсын дунджид ойртуулж 2 дахин нэмэх шаардлага хэрэгжээгүй асуудлаар дараагийн тэмцэл болох ажил хаялтын талаар хэлэлцсэн юм. Тухайн үед хуралд Холбооны дарга Х.Ариунаагийн хуулийн зөвлөх н.Султанбек гэдэг хүн бидэнд тусалж, зөвлөнө гэж суусан. Гэвч тэр хүн Ерөнхий сайдад бидний хурал дээр ярьсан зүйлсийн талаар гомдол гаргаж, нэр бүхий таван тэргүүлэгчийн нэрийг цохон, МЭМАҮЭХ-ны хуулийн зөвлөх, МАН-ын ахмад гишүүн гэж хаяглаад хүргүүлсэн байсан. Гомдлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар цохож, Хууль зүй, дотоод хэргийн сайдад, ХЗДХ-ийн сайдаас Цагдаагийн Ерөнхий газрын даргад, тэндээсээ Эрүүгийн цагдаа, нийслэлийн прокурор, цаашлаад Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байсан. ТЕГ-аас биднийг гэрчээр дуудаж байцаасан.
-Та бүхэн долдугаар сард төв талбайд суулт зарласан шүү дээ. Тухайн үед хууль хяналт, цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар холбогдсон уу?
-Тухайн үед СБД-ийн цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан. н.Султанбек гэдэг хуралд оролцохоор ирэхдээ “Хариу шаардсан суултын асуудлаар Х.Ариунаа дарга торгуулсан болохоор та бүхэнд туслахаар ирлээ” гэсэн юм. Бид хууль, эрхзүйн мэдлэггүй учраас тусламж хүссэн байтал итгэл найдварыг маань ийм муухайгаар эвдэж орхисон.
-Долдугаар сарын жагсаалын дараа ямар нэгэн үр дүн гарсан уу?
-Мэдээж үр дүн гарч, бид ЭМЯ-тайгаа хэлэлцээр хийн, ХНХЯ баталгаажуулж өгсөн. УИХ-ын НББХ дарга ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Батлутаар ахлуулсан гишүүд эрүүл мэндийн санхүүжилт, цалин нэмэх асуудлаар ажиллахаар болсон. Ковидын хуулийн дагуу нөхөн олговор олгох зэрэг асуудлыг шийдсэн ч цалинг улсын дунджид хүргэх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах үндсэн заалт хэрэгжээгүй.
-Өнөөдөр эмч, сувилагчдын ажиллах орчин, нөхцөл ямар байна вэ?
-Энэ асуудал яригдсаар бараг улиг болж байх шиг байна. Эмч нар бүрэн амьсгалах боломжгүй битүү хувцас дотор идэх, уух, амрах, суух, бие засах ч завгүй хэт олон цагаар хөлс хүчээ урсган өдөр, шөнөгүй ажиллаж байна. Хүнд жинтэй өвчтөнүүдээ өргөж, үүрч, дүүрэн хооллож, хуурайлах тэр жижигхэн биетэй эмэгтэйчүүдэд ахадсан ачаалал шүү дээ. Гэхдээ тэд хэвийн ачааллаас 3-8 дахин хэтэрсэн энэ асуудлыг ярьж зовлон тоочоогүй. Сөхөрч ядарч туйлдаж байсан ч хуульд заасан 3 дахин их цалинг нэхээгүй, улсын дундажтай л ижил үнэлэгдэх хямдхан санал хүргүүлсэн юм.
-ЭМЧ НАРЫН АЧААЛАЛ ХЭД ДАХИН НЭМЭГДСЭН Ч ЦАЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ-
-Улсын дундаж цалин 1,390,000 төгрөг гэсэн байдаг. Эмч нарын дундаж цалин яг хэд байна вэ. Та бүхнийг долдугаар сард жагссаны дараа цалин тодорхой хувиар нэмэгдсэн үү?
-Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 670,000 төгрөг байсныг бид статистикийн төв газрын 1212.мн сайтаас харсан. Эмч, сувилагч нар үүнээс арай илүү, харин асрагч, үйлчлэгч, жолооч, ариутгагч гэх мэт эрүүл мэндийн бусад ажилтан үүнээс нэлээн доогуур цалин авдаг гэж ойлгож болно.
-Цар тахлаас өмнө цалингийн хэмжээ ямар байсан юм бэ. Цар тахал гарч эмнэлгийн байгууллагын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой цалинд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
-Харамсалтай нь ачаалал хэд дахин нэмэгдсэн ч цалинд өөрчлөлт ороогүй, илүү цагаар ажилласан хөлсөө ч авч чадахтай, үгүйтэй байсан. Эмч, сувилагчдын өдөр тутмын ажил цагтаа дуусна гэж ер нь байхгүй. Тэр болгонд илүү цагаар ажиллаж байгаа цалин хөлс олгогддоггүй. Албан ёсоор жижүүрийн үүрэг гүйцэтгэвэл л тооцогдоно. Яг тарах цагтаа ч хаяад явж болдоггүй, хэцүү, эмзэг ажил юм. Ард нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд орхигдох учир хэн ч шууд орхиод харьж чаддаггүй, харьсан ч үргэлж санаа зовиноостой, утсаа биедээ ойр тавиад л сууцгаадаг.
-Та бүхэн есдүгээр сард хийсэн тэргүүлэгчдийн хуралдааны үеэр дараагийн шатны арга хэмжээнд шилжиж ажил хаялт хийх тухай ярилцсан гэсэн шүү дээ. Тэгвэл яагаад ажил хаялт зарлаагүй юм бэ?
-Ажил хаялтаас өмнө бид албан ёсоор хамтын маргаан үүсгэж шүүхэд хандах ёстой байсан юм. Ингэхийн тулд анхан шатны хороодын дарга нарын гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулах учиртай. Гэвч есдүгээр сарын 9-нд хуралдуулах шийдвэр гарсан ч тодорхой шалтгаангүйгээр хойшлуулж, саатуулсаар өдийг хүрээд байна. Өнгөрсөн пүрэв гарагт болсон тэргүүлэгчдийн хурлаар товлосон 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулах хурал ч мөн тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа.
-ЭМЧ НАР ХАМГИЙН БАГА ЦАЛИНГААР ЭНГИЙН ХҮН ДААЖ ДАВШГҮЙ АЧААЛАЛД ХҮЛЦЭНГҮЙ АЖИЛЛАХ ТАНГАРАГ ӨРГӨӨГҮЙ-
-Хэрэв ажил хаялт зарлалаа гэж бодоход эмч нарын тодорхой хувь нь л ажлаа хаях уу, аль эсвэл бүгдээрээ юу?
-Мэдээж яаралтай тусламж, эрчимт эмчилгээ амь тэнссэн бүх хэсгийг хэвийн ажиллуулна. Ийм муухай байдалд хүргэхгүйгээр асуудал шийдэгдэнэ гэж найдаж байгаа.
-“Эмч нар тангараг өргөсөн хүмүүс. Тэд ажлаа ямар ч нөхцөлд хийж байх ёстой” гэсэн байр суурь, үзэл бодолтой хүмүүс олон байдаг. Энэ тал дээр та өөрийн байр сууриа илэрхийлээч?
-Яг үнэндээ Хүний их эмчийн тангараг 2017 онд ерөнхийлөгчийн зарлигаар хүчингүй болсон байгаа. Бид энэ эрхэм ажилд эрдэм мэдлэг энэрэх сэтгэлээ зориулна гэж тангараг өргөснөөс биш ингэж дарлуулж, доромжлуулж хамгийн бага цалингаар энгийн хүн дааж давшгүй ачаалалд хүлцэнгүй ажиллах тангараг өргөөгүй. Дэлхийн аль ч улсад ийм зүйл байхгүй. Ар гэр үр хүүхэд амь насаараа дэнчин тавьж хөдөлмөрийн мөлжлөгт дарамтлуулж байхыг хэн ч хүсэхгүй нь лавтай.
-Цаашид та бүхэн ямар арга хэмжээ авна гэж бодож байна. Тэмцлээ үргэлжлүүлэх үү?
-Бидэнд өөр арга алга. Дэвшүүлсэн асуудлуудыг маань ял, хуулиар дарах гэж байгаа бол бидэнд хүний эрх, олон улсын конвенцуудаар олгогдсон суурь эрх бас бий. Хамтран ажиллах дэмжин туслах олон улсын Хөдөлмөрийн байгууллагууд ч бий. Эхний хэдийг маань барьж хорьсон ч араас нь түрэх 56,000 хамт олон бий. Бид буруу санаа агуулж засгийн эрхэнд халдах гээгүй, өөрт олгогдсон эрхээ хамгаалуулах шаардлага л тавьсан. Түүнээсээ ухрахгүй.