Хотхон, хороолол дотроос автомашин ачихгүй байхаар төлөвлөжээ

Хотхон, хороолол дотроос автомашин ачихгүй байхаар төлөвлөжээ

Нийслэлд автомашин зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэн боловсруулж байна. Журмын төслийн хүрээнд автомашин ачих байршлыг одоогийн 73-аас 35 болгон цөөлөхөөр тусгажээ.

Хотын дарга Б.Пүрэвдагвын захирамжаар тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэх Ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг хуралдаж, журмын төсөл болон холбогдох асуудлыг хэлэлцсэн байна.

Шинэчилсэн журмын төсөлд зөвхөн хөдөлгөөнд бодитоор саад учруулж, гол гудамж, замд байршуулсан автомашиныг зөөж шилжүүлэхээр тусгажээ. Харин хотхон, хороолол доторх зөрчлийг 102 аппликэйшнээр бүртгэж, шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Мөн автомашин ачихаас өмнө жолоочид урьдчилан анхааруулах, тээврийн хэрэгслээ буцаан авах боломж олгох зохицуулалтыг тусгажээ. Ачилтын явцад автомашинд учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч байгууллага хариуцах, төлбөрийг байгууллагын дансаар авах, түр саатуулах хашааны үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг ч нэмэхээр ажиллаж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд автомашин зөөж, шилжүүлэх үйлчилгээ эрхэлдэг 17 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 73 байршилд автомашин ачих зохицуулалттай байна. Харин журмын төсөл батлагдвал уг байршлын тоог 35 болгон бууруулахаар төлөвлөжээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө