“Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 48.1 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна. Өвлийн оргил ачааллын үед иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, түлшний хүртээмжийг сайжруулах зорилгоор ирэх арванхоёрдугаар сараас эхлэн айл өрхүүдэд 14 хоногийн хэрэгцээний түлшийг нэг удаагийн худалдан авалтаар олгохоор төлөвлөн ажиллаж байгааг тус компаниас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн долоон дүүргийн бүх хороодын хэмжээнд нийт 448 гэрээт борлуулалтын цэг тогтмол ажиллаж, гэр хорооллын 182.5 мянган өрхийг түлшээр хангаж байна. Үүнээс гадна өвлийн оргил ачааллын үед шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах 54 нөөц цэгийг бэлтгээд байгаа аж. Иргэд өөрт ойр байрлах цэгээс “Хотула” (HOTULA) аппликейшн болон иргэний үнэмлэхийн арын QR кодыг ашиглан түлшээ худалдан авах боломжтой. Хэрэв нэг өрх долоо хоногт 7 шуудай түлш авдаг жишгээр тооцвол ирэх сараас 14 хоногийн хэрэгцээ буюу 14 шуудай түлшийг нэг дор авах нөхцөл бүрдэж, түлшний төрлөөс хамааран 52,500-70,000 төгрөгөөр хоёр долоо хоногийн нөөцөө татах боломжтой болж байгаа юм.