СУРВАЛЖИЛГА: Сэргэлэн суманд айлын өвөлжөө рүү орсон баавгайг агнаж, биеэр нь чихмэл хийхээр болжээ

СУРВАЛЖИЛГА: Сэргэлэн суманд айлын өвөлжөө рүү орсон баавгайг агнаж, биеэр нь чихмэл хийхээр болжээ

Хүний амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй байгаа суурьшлын бүс рүү орж ирсэн зарим баавгайг устгаж аюулгүй болгох арга хэмжээг авч байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт буюу 2026 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өвөржанчивлан гэх газарт айлын өвөлжөөнөөс 200 метр зайд орж ирсэн баавгайг устгаж аюулгүй болгосон талаар бид мэдээлсэн. Тус баавгайг аюулгүй болгосны дараа Төв аймгийн Байгаль орчны газраас чихмэл болгох шийдвэр гаргасан бөгөөд чихмэл хийх стандартын дагуу арьс, толгой, сарвуу зэргийг бэлдээд байгаа аж.  

ВИДЕО:

-СЭРГЭЛЭН СУМААС АГНАСАН БААВГАЙН СОЁО, САРВУУ ЗЭРГЭЭР НАС БИЕ ГҮЙЦСЭН ХЭМЭЭН ТААМАГЛАЖ БАЙНА-

Энэ жил баавгай хэдий их байсан ч ихэвчлэн ой, модтой газраар үзэгдэж байсан. Гэтэл Төв аймгийн Сэргэлэн сумын хувьд ямар нэгэн мод, ой гэх зүйл байхгүй бөгөөд амралтын өдрүүдээр агнасан тус баавгайг Хэнтийн нуруунаас хээрийн бүс рүү бууж, зүгээ олохгүй төөрсөн болов уу хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. Баавгайг агнасан газраас ойролцоогоор 100 орчим километрийн цаана ой, мод байгаа бөгөөд иргэд баавгай иччихсэн, манайх ойгоос хол хэмээн тайвшрахад эрт байна.

Сэргэлэн сумаас агнасан баавгайн хойд хөлийн сарвуу ойролцоогоор 22 см орчим, хумсны урт нь 3-4 см байсан бол ил соёо нь гэхэд 4 см байв. Баавгайг мал шиг шүд, эвэр зэргээр нь насыг тооцоолох боломжгүй байдаг бөгөөд мэргэжилтнүүдийн урьдчилсан таамгаар нас бие баавгай гэж үзэж байна.

Баавгай 11 дүгээр сар гаргаад эхний цаснаар мөрөө баллаж ичих ёстой гэж судлаачид үзэж байсан. Гэтэл энэ жил 11 дүгээр сар гараад хэд хэдэн удаа цас орж, хүйтэрсэн ч зарим баавгай ичихгүй байгаа нь идэш тэжээлийн хомсдолтой шууд холбоотой болж байна. Зөвхөн Төв аймгийн хэмжээнд сүүлийн гурав хоногийн хугацаанд хүнд аюул учруулж болзошгүй нэг баавгайг Сэргэлэн суманд устгаж, хоёр баавгайг Баянчандмань суманд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тэгвэл 2027 он гараад өлссөн баавгай аргагүйн эрхэнд эрт ичээнээс гарч айл руу болон айлын мал руу дайрах эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа.

-"АГНАСАН БААВГАЙ НЭГ БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН КЕМП РҮҮ ОРЧИХСОН МАШ АЮУЛТАЙ БАЙСАН"-

Сэргэлэн сумаас агнасан баавгайн гэдэс дотрын зарим эрхтнүүдийг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар намар Төв аймгийн Мөнгөнморьтод агнасан баавгайг бодвол ходоодондоо бага зэргийн юмтай байсан.  Мөнгөнморьтод агнасан баавгай хоёр хоногийн өмнө айлын даага идсэн байсан ч гэдсэнд нь юу ч үлдээгүй шингэсэн байсан хэмээн мэдээлсэн юм.

Төв аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Отгонбуян, “Баавгай альхэдийнээ ичээнд орсон байх ёстой ч манай аймагт баавгайн дуудлага тасрахгүй байна. Зарим өлссөн баавгай одоог хүртэл ичээгүй байх шиг байна. Өнгөрсөн амралтын өдрөөр Сэргэлэн суманд дуудлага ирээд очиход нэг байгууллагын кемпүүд болон айлын өвөлжөөнд баавгй орсон байсан. Энэ бол маш аюултай байсан учир баавгайг шууд агнасан. Агнасан даруйдаа Төвийн аймгийн Байгалийн музейд чихмэл хийлгэхээр болсон бөгөөд арьс, толгой, сарвуу зэргийг бэлтгэсэн байна” хэмээлээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө