Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх долоо хоногт УИХ-аар баталбал, Цагаан сарын дараа хоёрдугаар сард сонгууль болно

Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх долоо хоногт УИХ-аар баталбал, Цагаан сарын дараа хоёрдугаар сард сонгууль болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн пүрэв гарагт /2026.11.19/ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг холбогдох хуулийн дагуу 2026 оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор зарлана гэдгээ мэдэгдсэн юм.

Ингээд энэ цаг үеийн улс төрийн онцлох сэдэв нь дараагийн Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ, ээлжит бус сонгуулийн санал хураалт хэзээ болох вэ гэдэг асуудал болоод байна. Эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намынхаа холбогдох дээд байгууллага болох МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний бодлогын хороогоор шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь намын бүлэг болон улс төрчийн дангаараа шийдэх асуудал биш юм.

-МАН ЕРӨНХИЙЛӨГЧИД ГОРИЛОГСДЫГ ГИШҮҮД, ИРГЭДТЭЙ УУЛЗУУЛЖ, САНАЛ АСУУЛГА ЯВУУЛСНЫ ДАРАА ТОДРУУЛНА-

Гэхдээ нэг зүйл тодорхой. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг УИХ-аас тогтооно. Харин парламент дахь олонхын байр сууринаас эрх баригч МАН сонгуулийн товыг хэлэлцүүлэх, шийдвэрлэх үйл явцад улс төрийн голлох нөлөө үзүүлэх боломжтой. Тэгвэл өнгөрсөн Ням гарагт /2026.11.22/ МАН-ын бүлэг ээлжит бусаар Их тэнгэрт хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. 

Тодруулбал, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой горилогчдыг орон нутаг, нийслэлийн намын гишүүд болоод иргэдтэй уулзалт хийлгэж "санал асуулга" явуулсны үндсэн дээр хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн хуралдаанаар хэн нэгэн нэр дэвшигчийн нэрийг ярилцаж, тохироогүй, харин нэр дэвшигчээ хэрхэн тодруулах талаар хэлэлцсэн байгаа юм. Мөн тодорхой хүрээнд Ерөнхийлөгийн ээлжит бус сонгуулийн тов тогтоох асуудлыг хэзээ парламентад оруулах, сонгуулийн санал хураалтыг хэзээ явуулах зэрэг асуудлыг ярилцжээ. 

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН ТОВЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГТААН ТАНИЛЦУУЛНА-

Тэгвэл "Их тэнгэр"-т болсон МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан мэдээлэл болон эх сурвалжийн мэдээллээс харахад, "Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг ирэх долоо хоног /2026.11.30-12.04/т багтаан УИХ-д оруулж ирэх төлөвтэй байна. Ингэснээр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдсэн арванхоёрдугаар сарын 20-ны хугацааг хүлээлгүйгээр сонгуулийн товыг зарлаж магадгүй байна. Харин МАН дотроо Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой хүмүүсээ арванхоёрдугаар сарын хугацаанд орон нутаг, нийслэлийн намын гишүүд болон иргэдтэй уулзалт хийлгэж, санал асуулгад үндэслэн тодруулах зураглалтай байгаа аж.

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТОВЫГ ЗАРЛАХ ХУУЛИЙН ХУГАЦАА АРВАНХОЁРДУГААР САРЫН 18-НД ДУУСНА"

Эндээс сонгуулийн товтой холбоотой нэг чухал асуудал гарч ирнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.9-д "Ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан. Мөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор УИХ сонгуулийн товыг зарлах ёстой" юм.

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд албан ёсоор чөлөөлсөн гэж үзвэл маргаашнаас нь буюу арваннэгдүгээр сарын 20-ноос ажлын өдрийг тоолно.

Энэ хугацаанд арваннэгдүгээр сарын 26-ны бүх нийтийн амралтын өдрийг хасаж тооцоход ажлын 20 дахь өдөр нь арванхоёрдугаар сарын 18-нд таарч байна. Өөрөөр хэлбэл, УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах хуулийн эцсийн хугацаа арванхоёрдугаар сарын 18 /2026.12.18/-нд дуусах тооцоо гарч байна. 

 -ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТОВЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ БАТАЛБАЛ ХОЁРДУГААР САРЫН 8-НААС СОНГУУЛЬ ЯВУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ-

Харин МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан мэдээллээр сонгуулийн товыг ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гараг /2026.12.03-04/-т УИХ-аар батлагдах хувилбар яригдаж байна. Хэрэв УИХ сонгуулийн товыг энэ хугацаанд зарлавал 70 хоногийн шаардлагаар санал хураах хамгийн эхний боломжит өдөр нь 2027 оны хоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд таарна.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 04-ны өдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг зарлавал хоёрдугаар сарын 12-ноос сонгуулийн санал хураалт болох боломжтой болно.

Гэхдээ 2027 оны Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 7-нд тохиож байгаа. Тиймээс сонгуулийн санал авах өдрийг Цагаан сарын дараах долоо хоног буюу хоёрдугаар сарын 15-20 ний хооронд товлох боломжит хувилбар байна. Энэ нь хуулиар тогтоосон 70 хоногийн доод хугацааг хангахаас гадна Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор явуулах шаардлагад багтана. Мөн нөгөө талд Цагаан сарын баярын дараа иргэдийн сэтгэл санаа өөдрөг, хаврын мал төллөх их ажил эхлээгүй байдаг нь цаг хугацааны хувьд тохиромжтой үе юм.

-НЭР ДЭВШИГЧЭЭ ТОДРУУЛАХ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БОЛОВСРУУЛАХ, АУДИТАД ХҮРГҮҮЛЭХ ЗЭРЭГ АЖЛЫГ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ ХАГАСТ БАГТААН ЗОХИОН БАЙГУУЛЖ МАГАДГҮЙ-

Мөн нөгөө талд Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуулиас ялгаатай. Нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийн үнэмлэх олгох, сурталчилгаа явуулах хугацааг хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. 

Тухайлбал,

  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-д нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурван өдрийн хугацаанд дуусгахаар заажээ. 
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28.7-д нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө олгохоор зохицуулсан байна.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34.1-д сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоохоор заасан.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны хугацааг 20 эсвэл 30 хоног гэж тогтмол заагаагүй бөгөөд үнэмлэх олгосон өдөр болон санал авах өдрөөс хамаарч тодорхойлогдоно. Үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө олгодог тул сурталчилгаа ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Хэрэв сонгуулийг хоёрдугаар сарын 15-нд явуулахаар товловол нэр дэвшүүлэх ажиллагаа нэгдүгээр сарын 6-8-ны хооронд, нэр дэвшигчийн үнэмлэх олгох болон сурталчилгаа эхлэх хугацаа нэгдүгээр сарын 30-нд таарна. Харин хоёрдугаар сарын 21-нд санал авах хувилбараар нэр дэвшүүлэх ажиллагаа нэгдүгээр сарын 12-14-ний хооронд, үнэмлэх олгох болон сурталчилгаа эхлэх хугацаа хоёрдугаар сарын 5-нд таарна.

Үүнээс гадна нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын байгууллагаар хянуулах хугацаа бий. Хуулиар мөрийн хөтөлбөрийг санал авах өдрөөс 37-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлж, аудитын дүгнэлтийг 34-өөс доошгүй хоногийн өмнө гаргуулахаар заасан. Тиймээс нэр дэвшигчээ тодруулах, мөрийн хөтөлбөрөө боловсруулах, аудитад хүргүүлэх зэрэг ажлыг нэгдүгээр сарын эхний хагаст багтаан зохион байгуулах шаардлага үүсэж байна.

Ингээд үзвэл МАН-ын бүлэг өнгөрсөн ням гарагт хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой хүмүүсээ олон нийттэй уулзуулж, санал асуулга явуулах талаар ярилцсан нь цаг хугацааны хувьд учиртай харагдаж байна. Хэрэв сонгуулийн товыг ирэх долоо хоногт зарлавал арванхоёрдугаар сарын эхнээс нэр дэвших сонирхолтой хүмүүсээ орон нутаг, нийслэлийн иргэдтэй уулзуулж, санал асуулгаа явуулах боломжтой. Улмаар нэгдүгээр сарын эхний хагаст намын албан ёсны нэр дэвшүүлэх ажиллагаагаа дуусгаж, мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсны дараа сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх зураглал харагдаж байна.  Иймээс Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг ирэх долоо хоногт зарлах эсэх, МАН нэр дэвшигчээ ямар хугацаанд тодруулах, Цагаан сарын дараах долоо хоногт санал хураалт явуулах эсэх нь ойрын өдрүүдэд улс төрийн анхаарлын төвд байх асуудал болж байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө