Төрийн ордны ард байрлах Монгол төрийн тамганы хөшөөг өнөөдөр /2026.10.26/ хүнд даацын техникээр нурааж эхэллээ. Олон иргэний сүсэг бишрэл, хүндэтгэлийг хүлээсэн уг цогцолборыг олны нүдэн дээр ийнхүү нурааж байгаа нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулж болзошгүй юм. Манай сурвалжлах баг газар дээр нь ажиллаж, хөшөөг нурааж буй шалтгаан, нөхцөл байдлыг холбогдох хүмүүсээс тодруулан шууд дамжууллаа.
ВИДЕО:
Монгол төрийн тамганы хөшөө нь Монгол Улсын төр ёс, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн түүхэн ач холбогдолтой бүтээл юм. Гэтэл энэхүү хөшөөг өдрийн цагаар, олны нүдэн дээр хүнд техникээр нурааж буй нь олон нийтийн анхаарлыг татаж, түүхэн дурсгал, үндэсний бэлгэдэлдээ хэрхэн хандаж буй асуудлыг хөндөж байна.
Энэ талаар хөшөөг нурааж буй гүйцэтгэх компанийн ажилчдаас тодруулахад "Нийслэлээс энэ ажлыг хэрэгжүүлж байгаа. Цементэн голыг нь сольж боржин чулуу болгоно. Техник оруулах учраас хаалт хийж болохгүй байгаа. Гурав хоногийн өмнөөс ажил эхэлсэн, одоо хоёр хоногийн дараа дуусах байх" гэсэн юм.
Энэхүү хөшөөг Монгол төрийн үе үеийн тамганы дүрслэлээр бүтээсэн бөгөөд дөрвөн талд нь Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын болон 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулсан байдаг. Мөн хөшөөний сууринд Монголын олон овгийн 168 тамгыг гантиг чулуунд сийлсэн байдаг. Тус хөшөөнд Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.