Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт хийсэн тандалт, лабораторийн шинжилгээгээр тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр илэрч, тус сумын нутаг дахь байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ.
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг Цагаан-Уул суманд ажилласан байна. Хамтарсан багийнхан Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал, идэвхжилийг тогтоох, хүн амд халдвар дамжих эрсдэлийг үнэлэх зорилгоор сумын нутаг дэвсгэрт хээрийн тандалт хийж, сорьц цуглуулан, лабораторийн шинжилгээ хийжээ. Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 7 дугаар сард хийсэн тарваган тахлын байгалийн голомтын гүнзгийрүүлсэн тандалт, шинжилгээ болон энэ удаагийн Монгол, ОХУ-ын хамтарсан тандалт, судалгааны лабораторийн шинжилгээний дүнгээр тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр илэрсэн байна.
Иймд идэвхжсэн байгалийн голомтыг эрүүлжүүлэх, хүн амын халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор шимэгчгүйтгэлийн арга хэмжээ зохион байгуулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Монголын Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв болон ОХУ-ын дөрвөн байгууллагын хамтарсан энэхүү тандалт, судалгааг 2026-2029 онд тогтмол хийхээр төлөвлөжээ. Судалгаагаар хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын нөхцөл байдал, халдварын эрсдэлийг хамтран үнэлж, тандалт, судалгааг тогтмолжуулах юм. Энэ нь хүн амыг тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байна. Тус аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Арбулаг, Цэцэрлэг, Баянзүрх, Рашаант сум тарваган тахлын байгалийн голомттой.