Есдүгээр сарын 01-нээс эхлэн ЕБС-иудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэлнэ

Есдүгээр сарын 01-нээс эхлэн ЕБС-иудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэлнэ

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэлнэ. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд “Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар ажиллах албан хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Хариуцлагатай бөгөөд хамгийн чухал “Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд ажиллах бөгөөд тэд;

  • Сургууль болон сургуулийн ойр орчны эрсдэлийг илрүүлж, бууруулах;
  • Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, мансууруулах бодис, цахим гэмт хэрэг зэрэг эрсдэлийн талаар шуурхай мэдээлэх;
  • Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж хамгаалах, холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөх; 
  • Эцэг эх, багш, хүүхдүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах; 
  • “School police”, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллана.

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг хангахад төр, байгууллагаас гадна иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм. Иймд гэр бүл, сургууль, цаашлаад нийгмийн бүхий л орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үйлсэд иргэд, олон нийтийг хамтран ажиллахыг уриалж байна.