АНУ-ын Энх тайвны корпусын гурван сайн дурын ажилтан Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулиудад хоёр жилийн хугацаанд ажиллахаар болжээ.
Тэд англи хэлний сургалт болон хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх аж. Мөн сайн дурын ажилтнууд хүүхдийн клуб, дугуйлан ажиллуулах, “Ид шидийн орон” төвд сайн дурын ажил хийх, төрийн албан хаагчдад англи хэлний сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд оролцоно. Энэхүү хамтын ажиллагаа нь Хэнтий аймгийн хүүхэд, залуучуудын англи хэлний мэдлэг, хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн орон нутгийн удирдлагууд мэдэгджээ.