Археологийн хүрээлэнгийн судалгааны баг хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ.
Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт Хойд цэнхэрийн агуйд 2026 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 10 хүртэл малталга судалгаа хийх явцдаа агуйн баруун урд хатавч хэсгээс эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүлэн олжээ.
Агуйн зосон зургуудыг анх 1952 онд нэрт газар зүйч, эрдэмтэн О.Намнандорж шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулснаас 74 жилийн дараа дахин эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ.
Уг судалгааны багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Колародагийн их сургуулийн багш, доктор Вильям Тэйлор нар ахлан ажилласан бөгөөд судалгааны багт Археологийн хүрээлэнгийн археологич, докторант Т.Түвшинжаргал, Юта их сургуулийн судлаач, доктор Айзик Харт, ХБНГУ-ын Макс Планкын хүрээлэнгийн архео-ботаникч доктор Роберт Спенглер, Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Ч.Энхтөр болон албаны бусад хүмүүс хамтран ажилласан байна.