МАН-ын II Бага хурал өнгөрсөн сарын 27-ны өдөр болж өндөрлөсөн. Эл хурлаас анхаарал татсан сэдэв нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон МАН-ын дөрвөн гишүүнээ намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж мэдэгдсэн намын даргынх нь мэдэгдэл байсан.
Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ "МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхаруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан, Монголын “Үнэн” сонин эрхлэгч асан А.Амундра нарыг МАН-ын гишүүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр энэ саналаа Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлж бөайгаа мэдэгдэж байна" гэсэн юм.
Тэгвэл уг асуудлын талаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан "Намайг МАН-аас өөрийн хүсэлтээр түдгэлзэх өргөдлөө өгөх саналыг ХЕХ-ноос тавьсан. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад “Нүүрсний хулгайч” гэж цоллож байгааг намаас өлгөж авч байгаа нь улс төрийн намын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл" хэмээн байр сууриа илэрхийллээ.