ДЭМБ: Хантавирус дараагийн ковид болохгүй, гэхдээ шинэ халдварууд бүртгэгдэх магадлалтай

ДЭМБ: Хантавирус дараагийн ковид болохгүй, гэхдээ шинэ халдварууд бүртгэгдэх магадлалтай

“MV Hondius” нэртэй аяллын онгоц дээр явж байсан гурван зорчигч хантавирусийн халдвар авсны улмаас амь үрэгдсэн. Тэрхүү ховор төрлийн халдвараар мөн найман хүн өвчлөөд байгаа. Хөлөг дөрөвдүгээр сарын 24-нд Гэгээн Хелений арал дээр зогсоход буусан бүх хүнтэй холбоо тогтоосон гэж MV Hondius-ийн оператор “Oceanwide Expeditions” мэдэгджээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн Мариа Ван Керхов пүрэв гарагт /2026.05.07/ хэвлэлийн бага хурлын үеэр хантавирусийн халдварыг ковидийн цар тахлын эхэн үетэй ижил биш гэсэн байна. Тодруулбал тэр “Маш тодорхой хэлмээр байна. Энэ бол SARS-CoV-2 биш. Ковидийн цар тахлын эхэн үетэй ижил тохиолдол биш. Нэг хөлөг дээр л гараад буй халдвар” гэсэн юм. Хантавирус нь коронавирустэй адил аргаар тархдаггүй харин маш ойрын хавьтлаар л халдварладаг гэдгийг тэр тайлбарласан байна. Гэхдээ вирусийн далд хугацаа зургаан долоо хоног байдаг тул шинэ халдвар бүртгэгдэх магадлалтай гэж тэр хэлжээ. Европ болон АНУ-ын эрүүл мэндийн албан тушаалтнууд хантавирусийн халдвар олон нийтэд үзүүлэх эрсдэл маш бага байгаа гэж мэдэгдсэн юм.

“Oceanwide Expeditions” компани мэдэгдэл хийхдээ гуравдугаар сарын 20-наас хойш янз бүрийн зогсоол дээр бууж, суусан зорчигч болон багийн гишүүдийг илрүүлэхээр ажиллаж байна гэжээ. Халдварын улмаас амь үрэгдсэн хоёр хүн нь Нидерланд гаралтай хосууд байсан юм. Тэд дөрөвдүгээр сарын 1-нд “MV Hondius”-д суужээ.

Нидерландын “KLM” агаарын тээврийн компани мэдэгдэл хийхдээ амь үрэгдсэн эрэгтэйн эхнэр дөрөвдүгээр сарын 25-нд нисэж байхад бие нь муудсан тул түүнийг онгоцноос буулгасан гэсэн юм. Тэрээр Нидерланд руу буцахаасаа өмнө нас барсан байна. “RTL” хэвлэл мэдээлснээр нас барсан эмэгтэйтэй ойр байсан “KLM”-ийн онгоцны үйлчлэгчээс хантавирусийн шинж тэмдэг илэрсэн тул Амстердам дахь эмнэлэгт хэвтүүлжээ. Мөн нас барсан эмэгтэйд тусалсан ажилтнууд болон зорчигчдод өдөр бүр үзлэг хийж байгаа гэж Нидерландын албан тушаалтнууд мэдээлсэн байна.