Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг 8 хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нь "Туулын хурдны зам"-ын төслүүдийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах, 17.4 дүгээр зүйл буюу хөрөнгө завших гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
-Т.ДАВААДАЛАЙ: ЭХНЭРИЙНХЭЭ ӨМНӨХ АЖИЛ, КОМПАНИЙН ТАЛААР МЭДЭХГҮЙ. ХУВЬ ХҮНИЙ АСУУДАЛ УЧИР ОРОЛЦДОГГҮЙ-
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайд холбогдох энэхүү асуудал эхлэхтэй зэрэгцэн түүний эхнэр Б.Анхтуяагийнх нь компани "Шинэ тойрог авто зам"-ын төслөөс 20 тэрбум төгрөгийн тендер авсан гэх шүүмжлэл гарсан байдаг.
ВИДЕО:
Харин энэ талаар Т.Даваадалай нь "Хувь хүний гэр бүлийн асуудлыг улс төртэй бүү холь. Хотын орлогчийн ажил авсныхаа дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр манай одоогийн эхнэр Болдын Анхтуяа бид хоёр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Манай одоо байгаа гэр бүлийн хүн өмнө нь компанитай байснаа бусдад шилжүүлсэн, өөр төслүүд дээр ажиллаж байсан. Гэхдээ түүнийг нь би мэдэхгүй. Хувь хүний асуудал учир түүнд рүү нь ордоггүй. "Шинэ тойрог нэгдүгээр зам дээр "Си-Эс-Си-И-Си Айком консалтантс" компани шалгарсан. Би 70 орчим төслийг удирдаж ажилладаг. Тиймээс зарим төслийн компанийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй мэдэхгүй" гэх тайлбарыг өөрийн facebook цахим хуудастаа өгсөн байдаг.
-Т.ДАВААДАЛАЙН ЭХНЭР Б.АНХТУЯАГИЙН АЖИЛЛАДАГ ГЭХ ХЯТАДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭН НИЙСЛЭЛЭЭС ЗАРЛАСАН 16.9 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ТҮНШЛЭЛ НЭРЭЭР ГЭРЭЭЛЖЭЭ-
Гэтэл Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн ажилладаг байх магадлалтай Хятадын шинжлэх ухааны хүрээлэн 16.9 тэрбумын өртөгтэй "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, зөвлөх үйлчилгээний тендерт "түншлэл" нэрээр оролцож, гэрээлсэн баримт байна. Төслийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны аравдугаар сарын 10-ны өдөр "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв гэх 16.9 тэрбум төгрөгийн тендер зарласан байна. Тухайн тендерт "Си-Эс-Си-И-Си Айком консалтантс" компанийн шалгарсан байх аж.

Харин тухайн компанийн "түншлэгч"-ээр Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн ажилладаг байх магадлалтай БНХАУ-ын ШУА-ын Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн орж, тус тендерийн ажилд гэрээлсэн байна.
Учрыг нарийвчилбал, "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, зөвлөх үйлчилгээний тендерт Си-Эс-Си-И-Си Айком консалтантс" компани толгойлж орсон тул тендерийн нээлттэй мэдээлэлд уг компани шалгарсан хэмээн мэдээлэгдсэн ч албан ёсны тамга, тэмдэгтэй гэрээнд БНХАУ-ын ШУА-ийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн болон Си-Эс-Си-И-Си Айком консалтантс ХХК гүйцэтгэгчээр оролцож байгаа хэмээн гэрээ зурагдсан байна.

-"ШИНЭ ТОЙРОГ ЗАМ"-ЫН ГЭРЭЭГ Т.ДАВААДАЛАЙ, Б.АНХТУЯА НАРЫГ ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛАХААС 20 ХОНОГИЙН ӨМНӨ ЗУРЖЭЭ-
Товчхондоо, “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийг БНХАУ-ын ШУА-ийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн болон Си-Эс-Си-И-Си Айком консалтантс ХХК авч, улмаар гэрээг Т.Даваадалай, Б.Анхтуяа нарыг гэрлэлтээ батлуулахаас яг 20 хоногийн өмнө буюу 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр байгуулсан байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай өөрийн цахим хуудсаараа хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Шинэ тойрог авто зам” төслийн тендерт гэрээлсэн БНХАУ-ын ШУА-ийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнтэй манай эхнэр Б.Анхтуяа ямар ч хамааралгүй, тус байгууллагад ажилладаггүй, зөвхөн нэг салбарт нь докторантаар суралцдаг" гэх тайлбарыг өгсөн байдаг.
-ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН МОНГОЛ, ХЯТАДЫН ШУ-НЫ АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХ УУЛЗАЛТАД Б.АНХТУЯА ХЯТАДЫН ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОЖ БАЙЖЭЭ-

Гэтэл Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа нь Хотын дарга Х.Нямбаатарын Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнтэй Улаанбаатар хотын экологийн болон хүрээлэн буй орчныг судлан шинжлэх хүрээнд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулах албан ёсны уулзалтад Хятадын талыг төлөөлөн оролцож байсан баримт мэдээлэл байна. Тус мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Нөгөөтэй, Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа "Гэгээн Монгол" подкастад оролцох үеэрээ "БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнд "Хотын метаполизм" сэдвээр судалгаа хийж байгаа судлаач, докторант" гэдгээ онцолж байсан байгаа юм. Түүний подкастыг ЭНД ДАРЖ үзнэ уу.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нь яагаад энэ бүхнийг нууцлав, эхнэр Б.Анхтуяагийнх нь судлаачаар ажилладаг байх магадлалтай БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан 16.9 тэрбум төгрөгийн тендер яагаад түншлэгчээр орж, гэрээ байгуулав, магадгүй үүнд нь Т.Даваадалай нөлөөлсөн юм биш биз гэх хардлага төрж байна. Тиймээс уг асуудлыг ч хуулийн байгууллагынхан анхааралдаа авч, дээрх асуултуудад цэг тавих буй за.