Үндэсний дээл хувцсыг өдөр тутмын болон гоёлын загвараар урлаж, зах зээлд өөрийн үнэнч хэрэглэгчийг бүрдүүлж чадсан “Ивээл” брэнд 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдэв. Харин хүүхэд, залуусыг номонд дуртай болгож, зөв дадал хэвшил түгээх зорилготой “Чимээтэй номын сан” өчигдөр /2026.05.07/ үүд хаалгаа хаах болсоноо зарлалаа.
"ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ ГУРАВ ДАХЬ ЗАСГИЙН ГАЗРАА ҮЗЭЖ БАЙНА"
Эдийн засгийн сааралт, хэрэглээний бууралт, татвар болон санхүүгийн дарамтын дунд жижиг, дунд бизнесүүд зах зээлээс нэг нэгээрээ шахагдсаар байна. Яг энэ үед олон нийтийн анхаарлыг татсан асуудал нь Татварын багц хуулийн шинэчлэл болов. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.05.07/ Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгаагаа мэдэгдсэн нь бизнес эрхлэгчид, иргэдийн хүлээлтийг дахин сэргээв. ЭНД дарж уншина уу.

Гэвч энэ бол анх удаа яригдаж буй асуудал биш. Харин олон жилийн турш улс төрчдийн “татвар бууруулна”, “ААН-үүдээ дэмжинэ” гэсэн амлалтаар үргэлжилж ирсэн цикл юм. Энэ хуулийн төсөл өнөөдөр гурав дахь Засгийн газраа үзэж байна.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2024.12.31-нд Татвар болон Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барихаар бэлдэж буйгаа мэдэгдэж байсан. Тухайн үед тэрбээр "энэ бол ард түмэндээ барьж буй шинэ жилийн бэлэг" хэмээн мэдэгдэх нь холгүй байлаа.

Дараа нь Ерөнхий сайд болсон Г.Занданшатар татварын реформыг бодит хэлэлцүүлгийн түвшинд аваачиж, бизнес эрхлэгчидтэй уулзаж эхэлсэн. Улмаар Татварын ерөнхий хууль, ААНОАТ, НӨАТ, ХХОАТ-ын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг 2025 оны арванхоёрдугаар сарын 30-нд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын дарга Н.Учралд өргөн барьж байв. Тус мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Энэ хаврын чуулганаар уг төсөл хэлэлцэгдэх дараалалд орсон ч Н.Учрал Ерөнхий сайд болсныхоо дараа хамгийн эхэнд өмнөх төслийг эргүүлэн татсан. Харин өчигдөр /2025.05.07/ шинэчилсэн хувилбарыг дахин УИХ-д өргөн барилаа. Ингэснээр шинэ төсөл үнэхээр өмнөхөөсөө өөр болсон уу гэх асуулт гарч байна.
Хуулийн төслүүдийг харьцуулбал Н.Учралын өргөн барьсан хувилбар өмнөх Засгийн газрын боловсруулсан төслөөс төдийлөн ялгарахгүй байгаа нь анзаарагдана. Татварын реформын үндсэн философи, гол зохицуулалтууд бараг хэвээр үлджээ.

Тухайлбал, өмнөх төсөлд
- Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох байсан
- Нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад 50 хувийн буцаалт олгох зохицуулалт туссан байсан бол энэ удаагийн төсөлд мөн адил татварын хөнгөлөлтийн бодлогыг хадгалжээ.
- Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь татварын хөнгөлөлтөд хамруулах зохицуулалт хэвээр үлдсэн байна.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайд өмнөх төсөлд 25 хувийн татвар төлөх босгыг зургаан тэрбумаас 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгохоор тусгасан. Шинэчилсэн төсөлд ч энэ бүтэц үндсэндээ хадгалагджээ.
- Нэг хувийн татвар төлөх ЖДҮ-ийн орлогын босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгон өсгөх, НӨАТ төлөгч болох босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зэрэг жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн гол зохицуулалтууд ч хэвээр байна.
- Иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх тухай өмнөх төсөлд ч бий
Харин зарим заалт дээр тодорхой өөрчлөлт оржээ. Тухайлбал, Г.Занданшатарын өргөн барьсан төсөлд дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг гурван сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломж туссан байсан бол Н.Учралын өргөн барьсан шинэчилсэн төсөлд энэ хугацааг хоёр сар болгон бууруулсан байна. Энэ нь бизнесүүдийн мөнгөн урсгалд өгөх дэмжлэг тодорхой хэмжээнд хумигдсан гэж харагдаж буй юм.

Мөн татварын өртэй аж ахуйн нэгжийн банк дахь дансыг бүхэлд нь хаах бус тодорхой хувийг битүүмжлэх зохицуулалт шинэ төсөлд хадгалагдсан байна. Өмнөх төсөлд дансны 80 хувийг битүүмжлэх талаар тусгаж байсан бол шинэчилсэн хувилбарт “дансыг хэсэгчлэн битүүмжлэх” зарчим хэвээр үлджээ.
Гэсэн ч бизнесүүдийн хувьд гол асуудал зөвхөн татварын хувь хэмжээ биш. Хэрэглээ агшиж, худалдан авах чадвар буурч, зээлийн дарамт өссөн энэ үед татварын реформ бодит эдийн засгийг сэргээж чадах эсэх нь хамгийн том асуулт хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд “Ивээл”, “Чимээтэй номын сан” зэрэг олон нийтэд танигдсан бизнесүүд хаалгаа барьж буй нь зөвхөн нэг компанийн асуудал биш. Энэ нь дотоодын жижиг, дунд бизнесүүдийн бодит нөхцөл байдлыг илтгэж буй дохио юм.
Эцэстээ Н.Учрал өмнөх Засгийн газрын өргөн барьсан төслийг эргүүлэн татсан ч агуулгын хувьд үндсэн өөрчлөлт бараг байхгүй байна. Өөрөөр хэлбэл, татварын реформын нүүр солигдсон болохоос агуулга нь төдийлөн өөрчлөгдсөнгүй. Харин бизнесүүдийн хувьд хамгийн чухал асуулт хэвээр үлдлээ. Энэ хууль бодит дарамтыг бууруулах уу, эсвэл татварын реформ улс төрийн дараагийн цикл болон үлдэх үү гэх асуулт юм.
Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өргөн барьсан Татварын багц хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.
Ерөнхий сайд Н.Учралтын өргөн барьсан Татварын багц хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.