Баянгол дүүргийн гуравдугаар хороо, “Барс” захын хойд талын 2612 ам метр газрыг чөлөөлж, “улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв” байгуулахаар хотын удирдлагууд ажиллаж эхэллээ.
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж байсан “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг 2000-аад онд “Восточный альянс” ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд өнгөрсөн сард газрыг буцаан чөлөөлж эхэлсэн. Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар “Нийслэл 2026 оныг бизнесийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд дээрх чөлөөлсөн талбайд жижиг, дунд үйлдвэрлэл болон гар дээрээс худалдаа эрхлэгчдийг дэмжих зорилгоор улирлын чанартай жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина. Уг ажлыг ирэх долоодугаар сараас өмнө хийж дуусгана. Улирлын чанартай учраас ажлын байрны хүртээмж нэмэгдэнэ. Мөн нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнг сэргээж засварлана. Ингэхдээ нийтийн бие засах газар, зогсоолын асуудлыг шийднэ” гэлээ. Харин иргэдийн зүгээс бизнесийн үйл ажиллагааг төр оролцон зохицуулж байгаа явдалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.