Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/-ыг анх С.Зориг агсны үзэл санаа, үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж түүний дүү С.Оюун нарын хүмүүс 2000 онд үүсгэн байгуулж, 10-аад жил үүгээрээ улс төр хийж, амьдралаа залгуулсан гэхэд болно. Харин 2023 онд ИЗНН-ын тамга Б.Батбаатарт очсоноор сонгуулийн өмнө гэнэт амь орсон нам. Гэхдээ сэтгүүлч хүний өнцгөөс дүгнэхэд өдгөө энэ намд С.Зориг агсны үзэл санаа “үлдсэн үү” гэвэл “үгүй” гэж хэлнэ. Товчхондоо, Батын Батбаатарын гэр бүлийн нам болсон гэхэд хилсдэхгүй.
-ИЗНН-ЫН ДАРГА Б.БАТБААТАР ИРЭХ 2028 ОНЫ СОНГУУЛИА “ХЭЛЭХ ҮГТЭЙ” БАЙХ ГЭСЭНДЭЭ ЖАГСААЛТЫН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САНААЧЛАВ УУ-
Улмаар 2024 оны сонгуулиар Б.Батбаатараар даргалуулсан ИЗНН-аас жагсаалтаар дөрвөн хүн УИХ-ын гишүүн болсон нь Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара, Р.Батболд, С.Замира нар юм. Гэтэл энэ намаас сонгогдсон гишүүн, бүр тодотговол УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн цахим орчин дахь зүй бус хандлага, ёс бус хэллэг, хараалын үг олны шүүмжлэлийг дагуулж, иргэд ч төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аас түүнийг “зайлуулах”-ыг шаардаж эхэлсэн.
Энэ нь явсаар жагсаалтаар нэр дэвшигчид, эмэгтэйчүүдийн квот зэрэг асуудлыг хөндөөд байгаа. Улмаар Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг санаачилж буйг М.Нарантуяа-Нара нарын ёс зүйгүй гишүүдэд зориулан гаргаж байгаа хууль мэтээр зарим нь ойлгож байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барих гэж хуульд,
- Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
- Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
- Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгасан байгаа юм.
Харин ирэх 2028 оны сонгуулийн үеэр ИЗНН-аас иргэд УИХ-д жагсаалтаар нэр дэвшүүлсэн гишүүдийн ёс зүйн асуудлаар хамгийн түрүүнд “ам асууна”. Үүнийг ИЗНН-ын дарга мэдэж байгаа тул магадгүй энэ асуултад хэлэх үгтэй байх гэсэндээ нэгэн хуулийн төслийг санаачлан, иргэдээс санал авахаар Д-Парламент албан ёсны цахим хуудаст байршуулжээ.
-ЖАГСААЛТААР СОНГОГДСОН ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЗААЛТЫГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛНА-
Эл хуульд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн есдүгээр зүйл буюу УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас нь өмнө дуусгавар болох үндэслэлд “Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан” гэх заалтыг нэмэх талаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах талаар тусгасан байгаа юм.
Энэ талаар уг хуулийн төсөлд:
1/ “9.1.7.Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан.”
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсгийн “.... 9.3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн...” гэсний дараа “,Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан” гэж нэмсүгэй гэжээ.

-М.НАРАНТУЯА-НАРА ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ХУУЛЬД ТҮҮНИЙ ЯРИАД БАЙСАН ШИГ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТДАГ БОЛОХ ТАЛААР ЯМАР Ч ЗААЛТ БАЙСАНГҮЙ-
Мөн түүнтэй яг нэг өдөр намынх нь гишүүн М.Нарантуяа-Нара Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдээс санал авахаар цахим санд байршууллаа. Гэхдээ түүний төсөлд өөрийнх нь яриад байсан шиг УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох зэрэг асуудлыг огт дурдаагүй байна.

Түүний өргөн барих гэж буй хуулийн төсөлд, УИХ-ын гишүүний "Тангаргийн үг"-ийг өөрчлөх талаар тусгажээ. Тодруулбал, Улсын их Хурлын тухай хуулийн 7.2 буюу “Гишүүн "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө” гэсэн хэсгийн “тангараглая” гэсний өмнө “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхаа” гэж нэмэх, “биелүүлэхээ” гэснийг “биелүүлж,” болгон өөрчлөнө гэж заасан байна. Гэтэл УИХ-ын гишүүний тангаргийг Үндсэн хуулиндаа заасан байдаг бөгөөд хэлбэрлэлтгүй дагаж, мөрдөхийг үүрэгдсэн бий.
Түүнчлэн УИХ-ын гишүүнийг чөлөөлөх санал гаргахдаа “ил”-ээр гаргах, гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн Цэцийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн гэсэн хэсгээс “УИХ хүлээн зөвшөөрөх” гэсэн хэсгийг хасах, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэлтэй гэж Цэц дүгнэсэн мөн гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол эргүүлэн татах тогтоол гаргана гэсэн хэсгийг хасах, Цэц гишүүнийг тангарагаасаа няцсан гэж дүгнэснийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол гишүүнийг эргүүлэн татах эсэхийг УИХ хэлэлцэн шийдвэрлэх гэсэн хэсгийг бүхэлд нь хасахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл Цэц дүгнэлт гаргаж, түүнийг нь парламент хэлэлцээд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг асуудлыг хасах саналтай байгааг нь харж болохоор байна.
Энэ талаар түүний хуулинд,
- 1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “тангараглая” гэсний өмнө “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхаа” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 9.1.1,” гэсний дараа “9.1.4, 9.1.5,” гэж тус тус нэмсүгэй.
- 2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
- “9.4.Энэ хуулийн 9.2-т заасан гишүүнийг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 9.1.2, 9.1.3-т заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөхийг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.”
- 3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “биелүүлэхээ” гэснийг “биелүүлж,” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын “гаргасныг” гэснийг “гаргасан” гэж тус тус өөрчилсүгэй.
- 4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын “Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” гэснийг, 9.2 дахь хэсгийн “, энэ хуулийн 9.1.4, 9.1.5-д заасан тохиолдолд эгүүлэн татах” гэснийг тус тус хассугай.
- 5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
- 6 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын 2028 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.
Ийнхүү ИЗНН-ын дарга Б.Батбаатар ирэх оны сонгуульд “нүхээ малтах” буюу иргэдийн өмнөөс “хэлэх үгтэй” байх гэсэндээ жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж байгаа бол М.Нарантуяа-Нарагийн хууль УИХ-ын гишүүний тангаргийн үгийг өөрчлөх, тангаргаа зөрчсөн гэж Цэц дүгнэлт гаргах хэсгийг хасах талаар л тусгасан байна. Гэхдээ нэг анхаарал татсан зүйл нь уг хуулийн төслийн хэрэгжих хугацаа ирэх сонгуулийн дараагаас буюу 2028 оны сонгуулийн дараагаас мөрдөгдөж эхэлнэ гэжээ.
