Өнөөдөр /2026.03.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайд нар танилцууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “2026 оныг ГБХНХЯ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, төсөл хөтөлбөрөө бүгдийг нь бэлэн болгосон. Сая Засгийн газрын хуралдаанаа энэ онд, цаашид Монгол Улсын ядуурлыг хэрхэн бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогын хүрээнд, Ерөнхий сайдын санаачилгаар өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэхээр шийдвэрлэлээ. 2025 оны IV улирлын байдлаар манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч, 886 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Нийт ажиллагсдын тоо 1.4 сая байгаа бол хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийн тоо 115.3 мянга байна. Эдгээр хүмүүсийг хэрхэн хөдөлмөр эрхлүүлэх, төр засгийн зүгээс ямар бодлого явуулах ёстой талаар тодорхойлсон. Өнгөрсөн хугацаанд ГБХНХЯ, Азийн хөгжлийн банктай хамтарч бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүнийг 1,259 өрхөд амжилттай хэрэгжүүлсэн туршлага бий. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 онд 5,000 өрхийг хөдөлмөрт зуучилж, өөрийн гэсэн орлоготой болгохоор зорилго тавин ажиллаж байна. Улсын хэмжээнд эдгээр иргэдийг идэвхтэй хөдөлмөр эрхлүүлэхэд нэг яам хүрч ажиллахад учир дутагдалтай гэж үзэж байгаа тул Ерөнхий сайдын зүгээс шат шатны засаг дарга нар, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг татан оролцуулах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Сумдуудын ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн үүрэг Засаг дарга нарт байдаг. Гэтэл бодит байдал дээр Засаг дарга нар энэхүү арга хэмжээнд төдийлөн санаачлагатай ажилладаггүй. ИТХ-ын төлөөлөгч нар тухайн сумынхаа ядуурлыг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, мэргэжил эзэмшүүлэх санаачилга гаргадаг ч бодит амьдрал дээр төдийлөн биелэлээ олдоггүй. ГБХНХЯ-ны зүгээс бүх улсын хэмжээнд сум болгонд хүртээмжтэй ажиллаж чадахгүй байна. Сумдуудад хөдөлмөр, халамжийн нэг л байцаагч байдаг ч хүнсний талон, малжуулах хөтөлбөрөөс хэтрэхгүй. Энэ хүмүүс ГБХНХЯ-тай хамтраад тухайн суманд байгаа 40–50 ажилгүй иргэдийг хөдөлмөрт зуучлахад бас учир дутагдалтай. Тиймээс үүрэг хүлээсэн аймаг, сумдын Засаг дарга нарыг Ерөнхий сайдын зүгээс шууд үүрэгжүүлж ажиллах шийдвэр гарсан. Гарсан үр дүнг улирал улирлаар дүгнэнэ. Тухайлбал, нэг аймгийн дарга тухайн аймгийнхаа хэмжээнд хэчнээн өрхийг хөдөлмөр эрхлүүлж, мэргэжилтэй болоход нь тусалсан бэ гэдгийг бодитойгоор үнэлж дүгнэх шаардлагатай. Хариуцлагагүй ажилласан Засаг дарга нартай хариуцлага тооцох боломжтой. Харин сайн ажилласан дарга нарыг урамшуулах, алдаршуулах ажлыг бодитоор хийхээр шийдвэрлэлээ. Ийм цогц арга хэмжээний хүрээнд 25–30 мянган өрхийг орлоготой болгох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Сум, аймгийн төлөөлөгч нар тухайн сумын иргэдийг сонгуулийн үеэр л хөтөлж аваачин санал авч өгдөгөөс биш, тэр хүнийг яаж орлоготой болгох вэ гэдэг дээр бодитой санал санаачилга гаргаж байна уу гэвэл бас учир дутагдалтай. Тиймээс энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаа, ялангуяа хөдөө орон нутагт ядуурлын хамрах хүрээ их хэвээр байгаа тул засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын үүрэг оролцоог хангасан өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилгыг өрнүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: