Гуравдугаар сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна

Гуравдугаар сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна

Гуравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...-14°С хүйтэн байдаг. Сарын нийлбэр хур тунадас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм хур тунадас ордог.

Ирэх сарын эхээр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2–3нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй. Агаарын дундаж температур зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, баруун болон говийн аймгуудын нутгаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр ахиу, баруун болон говийн аймгуудын нутгаар бага, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Увсын зүүн, Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хур тунадас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Булган, Төв аймгийн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр дулаан, хур тунадас дунджаас бага байх төлөвтэй. Бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байна.

Сарын эхээр ихэнх нутгаар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, шуурна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй.